Нийслэлийн хэмжээнд энэ онд инженерийн шугам сүлжээг 21 байршилд шинээр угсарч, 143 байршилд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
Авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажил гүйцэтгэхээс 164 нь инженерийн шугам сүлжээний ажил байх бөгөөд үүнээс 21 байршилд шинээр угсралт хийхээр болсон байна. Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Дулааны шугам 13 км (гол шугам 8.7 км),
- Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км,
- Цэвэр усны шугам 1.1 км,
- Бохир усны шугам 12.4 км,
- Авто замын борооны ус зайлуулах шугам 15.6 км (долоон байршилд),
- Үерийн хамгаалалтын далан суваг найман км байхаар төлөвлөгджээ.
Мөн санхүүжилтийн улмаас түр саатаад байсан “Туул-1” коллекторын 10 гаруй км-т бохир усны коллектор барих ажил хийгдэнэ. Дэлхийн банкны санхүүжилтээр хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэлх бүсэд дулааны шугамын шинэчлэл хийх бөгөөд уг ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.