Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожилтойгоор тавдугаар байрт өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” баг плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Ингэснээр тэрбээр манай дээд лигт тоглож буй хамгийн алдартай тамирчин болж байгаа бөгөөд хэдхэн хормын өмнө Монголд газардлаа.
Казинс багтаа нэгдсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголын багаас санал ирэхэд маш баяртай хүлээн авч, ‘Сэлэнгэ Бодонс’ багт нэгдсэн. Миний хамгийн том зорилго бол багийг аварга болгох. Мөн Монгол Улсын соёл уламжлалтай танилцаж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байна. Монголын лигийн видеонуудыг үзэж, ‘Сэлэнгэ Бодонс’ багийн сошиал хаягийг дагаж, мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад манлайллаараа хувь нэмэр оруулахаар ирлээ” хэмээн онцлов.
Тэрбээр Монгол дахь анхны тоглолтоо энэ сарын 10-нд “Найтс” багийн эсрэг хийх бөгөөд өнөөдөр фэнүүд, сагсан бөмбөг сонирхогчидтой нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх энтертайнмент шоунд оролцох юм.