Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13, 14-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүн түвшинд Польш улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Монгол, Польшийн төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Парламент, Засгийн газрын тэргүүн нартай уулзалт хийх юм.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Мөн Варшав хотноо Морин хуурын найрал хөгжмийн тоглолт болон бизнес форум зохион байгуулагдах аж.
Сэтгэгдэл (1)