ЗХУ нацист Германыг ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад Умард Солонгосын цэргүүд оролцоно гэж Японы NHK телевиз Оросын хэд хэдэн эх сурвалжийг эш татан пүрэв гарагт мэдээлжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, парадад БНАСАУ-ын цэргүүдийг оролцуулах шийдвэрийг хэдийнэ гаргасан бөгөөд Умардын хэдэн арван цэрэг оролцох ажээ.
Ялалтын парадад Умард Солонгосын цэргүүд өмнө нь хэзээ ч оролцож байгаагүй юм. Түүнчлэн NHK телевизийн өөр эх сурвалжуудын мэдээлснээр, Оросын нийслэлд наймдугаар сарын сүүлчээр болох концертод Умард Солонгосын цэргийн найрал хөгжимчид оролцох ажээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белусов Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзсаны дараа "цэргийн парадад оролцохыг Умард Солонгосын талд санал болгосон" гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба Телеграм сувагтаа бичиж байсан юм.
Ялалтын парадад бэлтгэх ажил эхэлсэн тухай А.Белусов нэгдүгээр сарын 15-нд мэдэгджээ. Энэ онд цэргийн парадыг Москва болон бусад найман баатар хотод, мөн цэргийн штабууд байрладаг 19 хотод зохион байгуулна. Сайдын хэлснээр, парадад “найрсаг” харилцаатай 19 улсын цэргийн анги нэгтгэлийг оролцохыг урьснаас ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан долоон улсыг оруулаад 10 орон оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.