УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой утааны сонсголын асуудлаар ярилцлаа.
-Утааны сонсголоор юу ярих нь вэ, ямар шийдэл гаргах вэ гэдэг хүлээлт олон нийтийн дунд их байна шүү дээ…?
-Утааны асуудал угтаа сүүлийн 10 гаруй жил эрчимтэй яригдаж байгаа бидний нэн тэргүүний тулгамдсан асуудал. Асуудал шийдэгдэхгүй болохоор иргэд, олон нийтийн бухимдал жил ирэх тусам нэмэгддэг. Нэмэгдэхээс ч өөр аргаггүй. Нөгөөтэйгүүр утааны асуудал яригдах болгонд утааг шийдэхэд зарцуулсан мөнгө, санхүүгийн асуудал хаашаа, юунд зарцуулагдав гэдгийг иргэд нэхдэг, шаарддаг. Энэ тайлан тооцоо өнөөг хүртэл олон нийтэд ил тод болсонгүй гэдгийг хэлдэг. Яг ямар хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулагдчихаад байна, түүгээрээ өнөөдөр хүний нүдэнд харагдаж, гарт баригдах ямар ажлууд хийсэн бэ. Үнэндээ өнөөдөр ийм бодитой үр дүн гарлаа гэж ярих зүйл алга. Тиймээс үүнд хариуцлагын асуудал яригдаж таарна. Эзэн холбогдогч нь хэн бэ гэдгийг ярина. Энэ мэт тодорхойгүй маш олон асуудал бий.
-Утаагүй болгоно гэж ярихдаа шийдлийг нь зуух гэж үздэг хандлага олон жил боллоо. Тэгэхээр утааны сонсголоор мэдээж технологи талаас нь төвлөрч хэлэлцүүлэг өрнүүлэх байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Нарийвчлаад яривал зуух нь ач холбогдолтой юм уу. Зууханд хийж шатааж байгаа шахмал түлш нь олон нийтийн шүүмжлээд байгаа шиг үнэхээр угаарын хор ихтэй юу гэдгийг технологи талаас нь нэг бүлэг болгож хэлэлцэнэ. Ер нь өнөөдрийг хүртэл юу хийв, яав, одоо ямар шийдэл гаргаж ажиллах юм, цаашдаа урт хугацаандаа яах вэ гэдгээ энэхүү утааны сонсголоор тодорхой хэлэлцэнэ.
-Утааны асуудал үнэхээр гамшгийн түвшинд хүрсэн нь үнэн. Үүнийг улиг болсон сэдэв гэх хандлага ч олон нийтийн сүлжээнд мэр сэр харагдах шиг. Тэгэхээр утаатай хүн бүр тэмцэнэ гэдэг тал бүрийн оролцоо ер нь ямар байх нь зөв юм бэ?
-Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны зүгээс өнгөрсөн намраас эхлээд утааны асуудал Үндэсний аюулгүй байдлын гамшгийн түвшинд хүрчихлээ гэдгийг сануулж ирсэн. Нийт нутаг дэвсгэрийн өчүүхэн жижиг хэсэг болсон Улаанбаатар хотод улсынх нь хүн амын талаас их хувь амьдарч байна. Ингээд утаанаас болоод ургийн гажиг, хорт хавдар жил ирэх бүр өсөж байна. Энэ утгаараа иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар заасан эрхүүд ноцтой зөрчигдөх болсон. Бүр Үндэсний аюулгүй байдал, тэр тусмаа монгол хүний генд нөлөөлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, утаа гэдэг зүйл Үндэсний аюулгүй байдлын улаан түвшингийн асуудал болсон гэсэн үг. Тиймээс олон нийтийн зүгээс утааны асуудлаар сонсгол хийхийг эрчимтэй шаардаж эхэлсэн. Ингээд иргэдийн санал, шаардлагын дагуу энэхүү сонсголыг эхлүүлж байгаа юм.
-Утааны сонсгол ямар бүтэц, дэс дараалалтай өрнөхөөр байгаа юм бэ?
-Яг ерөнхий сонсгол энэ оны хоёрдугаар сарын 3-4-ний хооронд зохион байгуулагдана. Энэхүү сонсголыг явуулахаар УИХ-ын 22 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг гарчихсан. Яг энэ ерөнхий сонсголын үеэр бид олон зүйлийг хэлэлцэнэ. Магадгүй ширүүн маргаан өрнөх, далд байсан олон асуудал ил тод болохыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр сонсголын дараа УИХ-аас энэ асуудлаар Түр хороо байгуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэх байгууллагын статус найман удаа өөрчлөгдсөн байна. Нэг бол Эрчим хүчний яам дээр очдог, эсвэл Байгаль орчны яам дээр очдог гэх мэт. Энэ нь юу гэхээр утаатай тэмцэх байгууллага маань өнгөрсөн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадсангүй гэж ойлгож байгаа. Тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байхаар утаатай тэмцэх стратеги байхгүй байсан гэсэн үг. Тэгэхээр юуны түрүүнд асуудлаа шийдэхийн тулд тухайн асуудлаа хэмжих, баримттай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалтайгаа бид нүүр тулах ёстой гэсэн үг.
-Утааны ерөнхий сонсгол ирэх сарын эхээр гэж ойлголоо. Яг одоо хэлэлцэгдэж байгаа нь ерөнхий сонсголын өмнөх бэлтгэл хуралдаанууд гэж ойлгох уу?
-Тийм. Одоо ямар хэлэлцүүлэг өрнөж байгаа вэ гэдгийг би танд тодорхой хэлж өгье. (Өчигдөр) утааны сонсголын бэлтгэл хэлэлцүүлэг өрнөсөн. Энэхүү анхны хэлэлцүүлгээр бид утаа хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл учруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцсэн. Дараагийн хэлэлцүүлэг нь энэ сарын 22-нд болно. Энэхүү хэлэлцүүлгээр стандарт, технологитой холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзнэ. Өөрөөр хэлбэл, шахмал түлш түүхий нүүрснээсээ илүү хортой юу, барьцалдуулагч нь яг юу вэ гэдгийг нь нарийн задалж, мэргэжлийн судлаач, иргэдийн хамт хэлэлцүүлнэ. Үнэхээр утааг багасгах бодитой шийдэл нь энэ шахмал түлш байж чадсан уу. Тараасан болон тараагдахаар байгаа утаагүй зуух гэдэг нь технологи, стандартын хувьд бодитой дэвшил мөн үү гэдгийг ярина. Гурав дахь хэлэлцүүлэг энэ сарын 29-нд болно. Энэхүү хэлэлцүүлгээр утааны асуудлыг шийдвэрлэхэд ямар эрх зүйн асуудал доголдолтой, эсвэл дутагдалтай байгаа вэ гэдгийг түлхүү ярина. Мөн хариуцлагын асуудал, санхүүгийн тайлан, дүн тооцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Ингээд ирэх сарын 3-4-нд утааны ерөнхий сонсгол явагдахаар байгаа. Өөрөөр хэлбэл, ерөнхий сонсголоос өмнө бид утаатай холбоотой эрүүл мэнд, эрх зүй, хариуцлагын асуудлыг тодорхой болгож байна гэсэн үг.
-Тэгэхээр утааны сонсголоос гарах үр дүнг та ямар байх бол гэж харж байна. Сонсгол хийгддэг. Дараа нь гарсан үр дүнгүй мартагддаг. Эцэст нь тулгамдсан нөгөө асуудал нь шийдэгдээгүй хэвээрээ л үлддэг жишээ олон байгаа шүү дээ…?
-Асуудлыг хөлбөмбөг өшиглөж байгаа юм шигээр манайх биш, танайх гэдэг хандлагыг зогсооно. Энэ сонсголоор асуудлыг эзэн биежүүлнэ. Нийслэл яг юуг нь хариуцах юм. Нийслэлийг яндангүй болгохын тулд яг ямар ажлууд хийх вэ гэдэг ч юм уу. Асуудлыг эзэн биежүүлнэ. Эрүүл мэндийн яам утаатай холбоотой олон ажлын хэсэг байгуулчихсан явж байгаа. Утааны хортой чанар эрүүл мэндэд яг яаж нөлөөлж байна. Жишээ нь, ид утааны үед буюу арваннэгдүгээр сараас эхлээд гурав, дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд эхийнхээ гэдсэн байгаа ураг эндэх, зулбах тохиолдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ нь ирээдүйд төрөх ёстой байсан Монгол Улсын иргэд амь насаараа хохирч байна гэсэн үг. Тиймээс утааны асуудлыг хариуцагч эзэнтэй болгож, стратеги төлөвлөгөөг нь бодитой гаргуулах зэргээр цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Энэ чиглэл рүүгээ сонсголын зорилго чиглэнэ гэж харж байгаа.
-Эрүүл мэнд, технологи, эрх зүйн орчин, хариуцлага зэрэг гурван дэд хэлэлцүүлэг өрнөж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр дэд хэлэлцүүлгээс гарсан дүнгээ ерөнхий сонсголоороо нэгтгээд хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Тийм. Сонгол дээр дан ганц бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид яриад сууна гэж байхгүй. Иргэд, хохирогчид, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллаж байгаа холбогдох мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, санал бодол, шүүмжлэлээ хэлнэ. Сонсголоор бодлогын хувьд бид богино, дунд, урт хугацаандаа утааны эсрэг юу хийх вэ гэдгээ тодорхой болгоно. Улмаар бодлогоо хэрэгжүүлэх зорилтуудаа дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, ямар байгууллага аль асуудлыг нь барьж авч, ямар хугацаанд хэрхэн ажиллах юм бэ гэдгийг тодорхой болгоно. Нэг зүйл хэлмээр байгаа юм. Утааны асуудал дээр бид улстөржиж огт болохгүй. Хэрэв улстөржөөд эхэлбэл энэ асуудлын шийдэл арагшаа сунасаар л байна. Хугацаа алдах тусам бид эрүүл мэндээрээ л алдагдсан хором бүрийг төлнө. Тиймээс улстөржүүлэхгүй, бодитой шийдэл хайсан, хариуцлага нэхсэн сонсгол болох ёстой. Нөгөөтэйгүүр утааг бууруулахын тулд бид зорилготой, тодорхой цаг хугацаатай зүйлийг ил тод олон нийтэд хэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тэдэн он гэхэд Улаанбаатар хот утаагүй болно гэдгийг тодорхой болгоно гэсэн үг.
-Он, цаг хугацаа гэснээс саяхан Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хот 2040 гэхэд утаагаа 68 хувиар бууруулна гэдэг зүйлийг хэллээ. Энэ бодитой тоон үзүүлэлт мөн үү?
-Яг ямар судалгаа, үндэслэлээр ийм тоо, цаг хугацааг хэлж байгааг нь мэдэхгүй юм. Удахгүй болох утааны сонсголын үеэр Нийслэлийн засаг дарга үүнийгээ тайлбарлах биз. Гэхдээ монголчуудын хувьд утаанаас салах хугацааг тийм хойш нь сунгах боломжгүй. Миний харж байгаагаар Улаанбаатар хотын утааг 2035 он гэхэд 100 хувь алга болгох шаардлагатай. Энэ 2025-2035 он хүртэлх 10 жилийг бид урт хугацаа гэж харж, бодлого, зорилтоо тодорхойлох ёстой юм. 2030 оныг бид дундын хугацаа гэж харах хэрэгтэй. Харин ойрын 2-3 жилийг бид богино хугацаа гэж тооцож, бодлого, арга хэмжээнүүдээ авч ажиллахгүй бол болохгүй. Түүнээс биш 2040 он гэхэд 70 хувь бууруулна гээд бодлого барьж ажиллах юм бол утаа тэр үед шийдэгдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс маш тодорхой, зөв стратегигээр утааг богино хугацаанд шийдэх шаардлагатай.
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл (2)