ЛОЗАНН, 2024 оны зургаадугаар сарын 12 /TASS/. Спортын арбитрын шүүх (CAS) Олимпын наадмын үеэр хууль эрх зүйн болон сэргээштэй холбоотой асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Парист хоёр түр оффис нээхээр төлөвлөж байгаа тухай тус шүүхийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Наадмын үеэр үүссэн хууль эрх зүйн аливаа маргааныг CAS-ын тусгай нэгж шийдвэрлэнэ. Энэхүү түр шүүх нь Олимпын наадмуудад 1996 оноос хойш ажиллаж байгаа юм. Тус нэгж нь Олимпод оролцогчдод тэмцээний хуваарьт харгалзах хугацаанд эрх зүйн маргааныг шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд яаралтай тохиолдолд 24 цагийн дотор хэргийг хэлэлцэх ажээ.
Харин сэргээшийн эсрэг салбар нэгж нь сэргээштэй холбоотой асуудлуудыг хариуцах ба анхан шатны байгууллагын үүрэг гүйцэтгэх юм. 2016 оноос олимпод ажиллаж байгаа энэхүү салбар нэгж нь Олон улсын олимпын хорооны (ОУОХ) допингийн эсрэг дүрмийн дагуу хэргийг хянан шийдвэрлэнэ.
Хоёр нэгж хоёулаа 7-р сарын 16-наас 8-р сарын 11-ныг хүртэл ажиллах бөгөөд Парисын хуулийн шүүхийн байранд байрлах ажээ. Нэгжүүдийг CAS-ын дэд ерөнхийлөгч, Америкийн шүүгч Майкл Ленард удирдана.