x

МАН, АН хоёр нийлж бусад 35 намд занга тавилаа

Өнөө жил сонгуулийн жил. Улс төрийн орон зайд гарч байгаа мэдээлэл бүрийг бид анхаарч анзаарч байх ёстой. Улс төр тэрүүгээрээ, миний амьдрал үүгээрээ гэх салаа зам угаасаа байхгүй учраас бид юу болж өрнөж, юу руу хэн чиглүүлж, тэгснээрээ бидний амьдралд ямар өөрчлөлт ирэх вэ гэдгийг нухацтай харж байхаас өөр аргагүй билээ. 

ИЗН-ын дарга Б.Батбаатарын даваа гарагт хийсэн хэвлэлийн хурал анхаарал татлаа. Тэрбээр эрх барьж байгаа нам болон улс төрийн томоохон намууд бусад намуудын боломжийг хааж, зангуутай хуулийн заалтуудыг Сонгуулийн тухай хуулинд тусгасан байна гэж онцлон мэдэгдэв. МАН, АН хоёр нийлж бусад 35 намд занга тавьж байгааг онцоллоо.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн бусад намуудыг нэгдэн сонгуульд орох боломжийн талаар ярьж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хууль нь улс төрийн 35 намын сонгуульд эвсэн нэгдэж орох боломжийг хааж байна гэж үзэж байна. Мөн намууд санал авахдаа нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан байх, хэрэв хоёр нам бүхий эвсэл байвал таван хувийн босгыг, гурав буюу түүнээс дээш нам эвсэл нэгдвэл нийт сонгогчдын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх ёстой гэсэн заалт нь улс төрийн намууд нэгдэж сонгуульд орох боломжийг боомжилж, уг хуулийг баталсан нөхөд өөрсдөдөө давуу тал олгосон хэмээн шүүмжилж байгаа аж. 

Үнэхээр ч хууль ингэж батлагдсан. Дангаар оролцож байгаа намуудаас хоёр дахин их санал авч байж гурав болон түүнээс дээш намууд нэгдсэн эвсэлд парламентад суудал авах эрх нээгдэж байгаа нь үнэн л дээ. 

2024 оны сонгуульд 1.6 сая сонгогч оролцоно гэж үзвэл дөрвөн хувийн саналыг авсан буюу 64 мянган саналаар дангаар оролцож буй нам УИХ-д суудалтай болж байгаа бол хоёр нам нэгдсэн тохиолдолд 80 мянга, гурав болон түүнээс дээш намын нэгдэл 112 мянган санал авч байж сая нэг УИХ-д суудалтай болохоор байгаа юм. Бүсчилсэн том тойрогт улстөрчдийн танигдалт шууд нөлөөлж байгаа нь шинэ залуу хүмүүс, эмэгтэйчүүд, жижиг намуудад халгаатай байгаа гэдэг үнэн. Тойрог том, сурталчилгааны хугацаа бага, зардлын хэмжээ өссөн гээд том намуудад л ашигтай, бусдад халгаатай нөхцөл байдал үүсчихсэн байгааг судлаачид хэлсээр байгаа. Нэмээд намуудын саналын босго хувь ийм ялгаатай байгааг харуулж байна. 

Бид энэ зүйлийг улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөж буй нэг үйл явц гэж харахаасаа миний, таны үзэл бодолтой нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хүмүүс төлөөлөх боломж хууль тогтоох дээд байгууллагад бий болж байна уу гэж харах нь илүү чухал. 

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд “Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Өнөөдөр УИХ-д суудалтай байгаа МАН, АН, ХҮН-ын үзэл бодолтой санал нэгддэггүй өөр хүмүүс байж болно гэдгийг, тэднийг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан эрхээ эдлэх боломжийг зүй нь хангаж өгөх ёстой юм. Түүнээс өнөөдөр парламентад байгаа намууд, хууль тогтоогчид илүү эрх эдлээд бусад нь дутуу эрхтэй байж болохгүй. Үүний цаана төлөөлүүлэх эрхээ хяхуулсан зуу, зуун сонгогч байгааг бид ойлгох ёстой. 

Ер нь өнөөдрийн парламентад байгаа эрх мэдэлтнүүд өөрсдөдөө ашигтайгаар олон хуулийн заалтыг шигтгэж өгсөн гэдэг нь нууц биш. Одоо Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа намууд тэгш бус гараан дээр өрсөлдөж байна. Дараа нь шинээр нам бүртгүүлэхэд ч хэцүү заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа. 2028 оноос эхлээд нийт сонгогчдын 1 хувьтай тэнцэх хэмжээний хүмүүсийн гарын үсэг цуглуулж байж шинээр нам байгуулах боломжтой болно. Өөрсдөө 800 хүний саналаар нам байгуулж, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байсан бол ирээдүйд 20 мянган хүний санал авахаас нааш нам байгуулах боломжгүй ийм хуулийн заалтыг тэд оруулсан. Өнөөдөр иргэний үнэмлэхээ ч аваагүй байгаа залуус ирээдүйд үзэл бодлоороо нийлж нам байгуулна гэвэл тэдэнд өөр босго тавигдаж байна. Дижитал орон зайд төрж өсч, бойжиж хүний эрх, эрх чөлөөний өөр үзэл баримтлалтай тэд магадгүй хуучин коммунист намд элсэн орох хүсэлгүй ч байж болно шүү дээ. Ийм нэг өөрсдөө л болж байвал бусдын итгэл үнэмшил хамаагүй байдаг занг одоо өөрчилмөөр байна аа. 

Улс төрийн жижиг намууд ч ийм итгэл үнэмшилээр хууль батлагчид өөрсдөдөө давуу байдал үүсгэснийг шүүмжлэн хэлж байна. 

МАН, АН хоёр том нам баруун, зүүний чиг баримжаатай ч заримдаа ялгалгүй явж ирсэн тал бий. Тэдний хувьд аль сонгуулиар хэн нь хэдэн саналаар ялж ялагдах тийм ч чухал биш харин бялуугаа бусдад өгөлгүй хувааж байх нь л чухал юм шиг үе байдаг. Ямартай ч өнгөрсөн 34 жилийн түүхийн алдаа оноо, утаа униартай бас түгжрэл гацаатай өнөөдрийн Монголын хөгжил энэ том намуудтай шууд холбоотой. 

Ардчилал урт хугацаанд бэхжин төлөвших нэг үйл явц нь чадварлаг улс төрийн намуудтай болж, тэдний хөгжих үйл явцыг дэмжих явдал гэж үздэг. Тийм ч учраас сонгуулийн тогтолцоо нь намуудыг жижиглэн бутаргах биш харин эвлэлдэн хүчирхэгжих боломжийг хангах ёстой хэмээдэг билээ. Харин өнөөдөр улс төрийн бусад намууд УИХ-д суудалтай намууд өөрсдөдөө давуу тал үүсгэж, боломжийг хаасан тухай ийн мэдэгдэж байна. Жижиг намуудыг хариуцлагажуулан, бойжуулах зорилготой гэсэн Улс төрийн намын тухай хуульд ч тэдэнд хатуухан тусах олон заалт багтсан.

Сонгуулийн тогтолцоо нь улс төрийн өргөн хүрээтэй үнэт зүйлс, үзэл баримтлал, тодорхой бодлогод тулгуурласан намууд институцийн хувьд бүрэлдэн хөгжих хөшүүрэг байх ёстой учраас улс төрийн бусад намуудын хэлж байгаа үг мэдэгдлийг зүгээр хоосон үг мэтээр өнгөрөөж болохгүй билээ. Одоогийн байдлаар намууд гурав дөрөв ч биш бүр хоёр оронтой тооноос дээшээ нэгдэх тухай ярьж байгаа гэсэн. 

Ингэвэл манай улсад бүртгэлтэй намуудын дор хаяж гуравны нэгийнх нь асуудал яригдаж байгаа гэсэн үг. Монголын улс төрийн хүрээнд намууд ингэж олноороо нэгдэх үйл явцын талаар урьд хожид яригдаж байгаагүй юм. 

Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын газар гуравдугаар сарын 25-наас өмнө хүргүүлэх ёстой гэвэл эвсэл нэгдлээ зарлах асуудал өнөө маргаашгүй болчихоод байна. Тэгэхээр энэ асуудлыг анхааран үзэх нь чухал.

Тэгээд ч олон ургалч үзэл, олон намын тогтолцоо ардчиллын том мөн чанар. Бид олон намтай байх тухай ярьсаар 34 жил болсон ч олон намыг хэзээ ч өсгөн бойжуулсангүй. Бүр бодлогоор шүү. Олон намтай байхын мөн чанар ардчиллыг аварч, хариуцлагыг шаардах явдал байдаг. Хариуцлага яриулахгүй байсаар ирсэн оролдлогын үр дүнд өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байна даа. Асуугаад ч хэрэггүй биз. Тиймээс улс төрийн бусад намуудыг бойжуулан босгох, тэднийг бодлогоор үгүйсгэх явдалд боломж өгч болохгүй юм гэдгийг дахин хэлье.

Монгол Улс түүхэндээ, ялангуяаэрх чөлөө, тусгаар тогтнолоо олох, төр улсаа төвхнүүлэн хүчирхэгжсэн он цаг нь эвлэлдэн нэгдэхээс эхэлсэн байдаг юм. Гэтэл эрх баригч болон сөрөг хүчин нь хавсайдан эвлэлдэн нэгдэхийн эсрэг, эв найртайгаар хүчирхэгжих боломжийг хаасан, занга тавьсан хуулийн заалт шургуулсан байжээ. Яг үнэндээ дээр хэлсэнчлэн олон намын тогтолцоотой гэх нэрийн дор хоёр нам л оршин тогтнож байна. Бусад намуудад өндийх боломж олгоогүй өнөөг хүрсэн. Тархай бутархай, олон талд хүч тарамдаж байснаас олуулаа нэг болж, том намуудтай өрсөлдье гэдэг нь яалт ч үгүй олны нүд бүлтийж, чих сортойх шинэлэг, зөв санаа байлаа.

Э.Энэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 43 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 44 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 45 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 46 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 47 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 47 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 48 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 51 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 51 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 52 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 53 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 54 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 55 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 31 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 35 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 49 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 53 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 15 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 51 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top