Яг одоо УИХ-аар ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байна. Энэ бол товчхондоо төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэн нь хэдэн төгрөг захиран зарцуулах тухай яриа. Төсвийн хэлэлцүүлгийн хажуугаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бас нэг “жижигхэн” хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн нь Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг “Жижиг дунд үйлдвэр бол ХХААХҮЯ-ны хариуцах асуудал биш. Энэ яам том болон дундаас дээш үйлдвэрлэлээ хариуцаж, бодлогоо барих ёстой. Харин жижиг дунд үйлдвэр бол хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ХНХЯ-ны хариуцах ёстой ажил” гэж хэлсэн. Энэ ч үнэн байж магадгүй.
Энэ онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төсвөөс 99.1 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Сангаас өгч буй хөнгөлөлттэй зээлийн хугацаа таван жил, жилийн гурван хувийн хүүтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь хоёр тэрбум төгрөг юм. Ирэх онд ч бас энэ зээлийг бууруулахгүй байх талаар гишүүд Сангийн сайдтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж” байна. Ингэх шалтгаан ч байсан бололтой.
Өчигдөрхөн олон нийтийн сүлжээнд УИХ-ын нэр бүхий гурван гишүүний “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас авсан зээлийн мэдээ тавигдлаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпото анарваан” ХХК (эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй) тэрбум 200 сая төгрөг, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компани (мөн адил эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн) тэрбум 400 сая төгрөгийн зээл авсан байна. Хэрхэн, яагаад гэдгийг сан өөрөө тайлагнах ёстой. Хэрэв тийм зүйл байгаагүй бол энд нэр дурьдагдсан гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө биз.
Асуудал юу вэ гэвэл УИХ-ын гишүүн, сайд нар иргэдэд зориулж хууль баталж, сан байгууллаа гэчихээд өөрсдөө дундаас нь “завшиж” байгаа явдал. Тэр тусмаа төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрөө (Б.Батзориг сайдыг хэлж байна) өөрийнхөө удирдлагад ажилладаг сангаас хөнгөлөлттэй зээл авна гэдэг нөгөө бидний яриах дуртай “ашиг сонирхлын зөрчил” мөн үү? УИХ-ын гишүүн, төрийн сайд хүний ёс зүйд нийцэх үү?
Иргэд, аж ахуй нэгжүүд бизнесээ явуулахын тулд арилжааны банкаас наад зах нь 20 хувийн хүүтэй арилжааны зээл авдаг. Жижиг дундынханд ийм хэмжээний хүү банкинд төлөөд цаана нь өөртөө ашиг хийх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломж байдаггүй. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс (С.Чинзориг сайдын хэлсэнчлэн “хөдөлмөр эрхлэлтийн бодлого” ч гэж хэлж болно) “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-г бий болгож, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож ирсэн.
Гэвч энэ санд төсөвлөдөг хөрөнгийн хэмжээ маш багын дээр өгч байгаа зээл нь эзэндээ очиж чаддаг эсэх нь нь хүртэл бүрхэг болчихлоо. Саяын жишээнээс харвал 99 тэрбумыг 76 гишүүнд тэрбум, тэрбумаар нь тарааж өгөөд л дуусах нь байна шүү дээ. Ийм байхад Монголд үйлдэрлэл хөгжинө, монголчууд үйлдвэрлэгч улс болно гэдэг хол хэвтэнэ.
Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд нь “Жилд 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа татварт тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх” тухай тусгажээ. Өөрөөр хэлбэл “нөгөө” хэд маань банкинд хүү төлдөггүй (жилийн гурван хувь гэдэг бараг л хүүгүйтэй адил, инфляци 8 хувь болчихоод байхад) байсан дээрээ татвар төлдөггүй болох нь байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд 48.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлсэн гэсэн байна. Энэ мөнгө төсөвт орж ирэхээ болино гэсэн үг. Оруулсан хөрөнгөө ядаж татвар болгоод эргүүлж авч чадахгүй бол тийшээ мөнгө хийхийн хэрэг байна уу? Энэ ер нь хэнийг дэмжсэн хууль юм бэ?
Б.Сэмүүн
Сэтгэгдэл (1)