ХЗБХ-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг баталсантай холбогдуулан УЕПГазраас холбогдох заавар, журмуудыг боловсруулан баталж мөрдүүлээд байгаа талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа. Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнг шинээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд гэмт хэргийн өсөлт, бууралтын шалтгааныг судлах, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл шүүхээс өөрчлөгдсөн шалтгаан, Монгол Улсын хүн амын амиа хорлох тохиолдлын суурь судалгааг хийжээ.
Мөн онд гадаад улсуудад эрх зүйн туслалцааны 18 хүсэлт хүргүүлсний 4-ийнх нь хариу иржээ. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн 18 хүсэлтээс 17-г биелүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хүлээн авсан болон илгээсэн хүсэлтүүд нь авилга, албан тушаал, бусдыг залилан мэхлэх, цахим халдлагад өртсний улмаас гадаад улсад их хэмжээгээр мөнгө шилжүүлэн хохирсон, бусдын амь насыг хохироосон хэргүүд зонхилж байгаа гэв. Улсын хэмжээнд тодорхой төрлийн зарим гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг шалган судлаж, түүний мөрөөр зохион байгуулсан ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын талаар танилцуулав
2017 оны эхний хагас жилд прокурорын байгууллагын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 216 шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн нийт 34103 материал хянаж, 108 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 256 шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 163 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 117 шаардлага бичиж, нийт 47 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэн 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойших хугацаанд эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 533341-ийг хүлээн авч бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан бөгөөд 3.9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 93.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0.2-ийг нь шалгаж байгаа аж. Улсын хэмжээнд нийт 11877 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 14.2 хувийг хэрэгсэхгүй болгож, 64.5 хувьд нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бөгөөд 2767 хэрэгт албадлагын арга хэмжээ авахуулжээ. Зөрчлийн улмаас иргэнд 2.5 тэрбум, хуулийн этгээдэд 2.4 тэрбум, төрд 200 сая төгрөг, нийтдээ 5.1 тэрбум төрөгийн хохирол учирсан байна. Иргэнд учирсан хохирлын 60.7 хувь, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8 хувь, төрд учирсан хохирлын 46 хувийг тус тус нөхөн төлүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд тавих хяналтын хүрээнд хийсэн ажлын талаар танилцууллаа. 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 45177 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж 31.5 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 63.5 хувьд нь харин эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 2195 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй гарчээ. 2018 оны III улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 58437 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьснаас 60.5 хувьд нь мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолтой танилцаж, эрүүгийн хэргийн дугаар олгож, 30.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. 1.8 хувьд нь шууд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна. Мөн тэрбээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавьсан хяналтын ажлын талаарх тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.