Тус байнгын хороогоор 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
УИХ-аар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиуд нь нийгмийн даатгалын сангийн зарлагыг 2019 онд 81.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үр дагавартай байгаа аж. Энэ нь сүүлийн жилүүдэд алдагдал нь байнга нэмэгдэж байгаа тэтгэврийн даатгалын сангийн зарлага болон сангийн алдагдлыг нөхөх зорилготой улсын төсвөөс олгох татаасыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр байгаа тул дээрх хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж 2020 оноос хэрэгжиж эхлэхээр тооцон, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Түүнчлэн өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах, төсвийн төвлөрөлийг сааруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтын зардал болон орон нутгийн музей, соёлын төв, номын сан, театр, биеийн тамир спортын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгийг орон нутгийн суурь зарлагад нэмж тусгах, политехникийн коллежийн өөрийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тооцсон хэрэгтэй холбогдуулан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.