x

Н.Хасар: Либертари Нам нэн тэргүүнд чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ

Либертари Намын үүсгэн байгуулагч Н.Хасартай ярилцлаа.

-Либертари Намыг байгуулж байгаагийн шалтгаан юу вэ. Либертари Нам ямар үзэл санааг баримтлах вэ?

-Монголд чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг түгээх, энэхүү үзэл санаан дээрээ бат зогсож чадах улс төрийн хүчин байх боломжтой гэдгийг харуулах нь Либертари Намыг байгуулж буйн зорилго юм. Монголын улс төрийн намууд бүгд эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг. Зарим нэг нам нь цаасан дээр өөрсдийгөө чөлөөт зах зээлийн төлөө зогсдог гэж бичсэн байдаг ч бодит амьдрал дээр үүнийхээ эсрэг хөдөлдөг. Эдийн засгийн бодлогын хувьд цэвэр "баруун жигүүр"-ийн үзэл баримтлалтай нам Монголд үгүй. Иймээс энэ орон зайг нөхөхөөр бид Либертари Намыг байгуулж байна.

-Баруун жигүүрийн үзэл гэдгээ дэлгэрүүлж болох уу. Барууны үзэл, зүүний үзэл гэдэг нь чухам юугаараа ялгаатай юм бэ?

-Хамгийн энгийнээр хэлье. Төр татварыг бага тогтоох нь зөв, төр эдийн засагт оролцох ёсгүй, төр хуулийн доорх тэгш байдлыг сахиулах ёстой гэх нь "баруун жигүүр"-ийн үзэл. Төр өндөр татварлаж, эдийн засагт янз бүрийн арга хэмжээгээр оролцож, хүмүүсийг тэгшитгэх ёстой гэх нь "зүүн жигүүр"-ийн үзэл. Монгол улс зүүний үзлээр замнаж буй учир одоо ийм байдалд байна.

-Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг юу вэ. Хулгай, дээрмийг хэн зогсоох юм?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, цөөлнө гэж хэлэхээр хүмүүс төрийг тэр чигт нь үгүй хийх гэж байна хэмээн маш буруу ойлгодог. Либертари үзэлтнүүдийн хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "цагдаа", гадны халдагчдыг зогсоох "зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "шүүх". Бид нар эдийн засаг дахь төрийн оролцоог буюу төрийн дарамт, шахалтыг авч хаях гэж хичээж байна. Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдэд "үнийн хяналт, квот, лиценз, татаас, хөнгөлөлттэй зээл, төрөөс албадан тогтоосон стандарт, янз бүрийн татварууд, гадаад валютын хяналт, мөнгө хэвлэлт" зэрэг орно. Бид эдгээрийг үгүй хийхийн төлөө зүтгэж байгаа юм.

-Төр зах зээлийг зөнд нь орхичих юм бол монопольтой хэн тэмцэх юм бэ?

-Монополийг бий болгогч гол субъект нь төр. Элдэв янзын татаас, хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл гэх мэтээр төр зарим компанид давуу тал өгдөг нь төрөөс уг давуу эрхүүдийг авсан цөөн тооны компаниудад зах зээлд ноёрхох бололцоог нээж өгдөг. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд аливаа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх цорын ганц зам нь хэрэглэгчдэд илүү хямд, илүү сайн үйлчлэх байдаг бол, манайх шиг төрийн оролцоонд гүн идэгдсэн системд төртэй хамсаж байж компаниуд томордог.

-Танай нам засагт гарлаа гэж бодоход хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Орлогын албан татвараас бусад бүх татварыг болиулна. Төрийн хүчээр тогтоосон үнийг чөлөөлнө. Төрийн өмчит компани бүрийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна. Бүх сангуудыг татан буулгана. Эрүүл мэндийн салбараас төрийг гаргана. Нэгэнт дампуурчихсан төрийн нийгмийн даатгалыг нэн даруй үгүй хийнэ. Санхүүжилтийг нь төрийн үйлдвэр, компаниудыг зарж олсон мөнгөнөөс гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон бүтэн өнчин хүүхдүүдэд зориулагдсан халамжаас бусад бүх төрлийн төрийн халамж, тэтгэмжийг зогсооно. Мөнгөний нийлүүлэлтийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй. Удахгүй Либертари Намын платформ ил тавигдана. Сонирхсон хүмүүс тэндээс илүү дэлгэрэнгүйгээр унших боломжтой.

-Цаг үеийн холбогдолтой асуулт асууя. Нийтийн тээврийн салбар дахь асуудлыг яаж шийдвэл зохих вэ?

-Нийслэлчүүдийн нүүр тулдаг хамгийн ярвигтай асуудал бол нийтийн тээврийн хүртээмжгүй байдал. Удаан хүлээлгэдэг, орчин бохир, бөөгнөрөл өндөртэй нь хувь хүмүүсийг автомашин худалдаж авахад нөлөөлдөг ба энэ нь эргээд замын түгжрэлийг даамжруулдаг. Үнийг төр зохицуулдаг нь зовлонгийн шалтгаан юм. Үнэ чөлөөтэй болчихвол компаниуд үнэ, орчин, чиглэлээрээ өрсөлдөж эхэлнэ. Сегментээрээ сална. Хэрэглэгчид худалдан авах чадвараа харгалзан чөлөөт сонголт хийнэ. Хүмүүс автобус хэзээ ирэхийг ширтэн жиндэж зогсохгүй, автобусны завааныг гайхахгүй, чихэлдэхгүй. Хамгийн гол нь автобус нэмэгдэж, автомашин цөөрснөөр түгжрэл саарна. 2022 оны 9-р сарын байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 950 автобус 105 чиглэлд гарч байна. Билетийн үнэ нь 300-500 төгрөг буюу хэт хямд, 1/3 нь үнэгүй зорчдог нийтийн тээврийн салбар дахь 19 компанийн 2022 онд авсан татаасын хэмжээ 171 тэрбум төгрөг. Нийтийн тээврийн салбар дампуурсан нь, хулгай нүүрлэсэн нь төрийн оролцооноос л үүдэлтэй. Метрог шийдэл гэж хардаг хүмүүс бий. Гэвч метро гэдэг бол эдийн засгийн тооцоололгүй мөрөөдөл. Метро бариад зорчих тасалбарын үнийг нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хэмжээнд тогтооход иргэд тасалбарынх нь үнийг төлж дийлэхгүй. Тасалбарын үнийг хүчээр буулгавал татаас нь төсвөөс гарч таарна. Төсөв гэдэг бол татвар төлөгчид. Өөрөөр хэлбэл, төрийн байгуулах метро бол социалист шийдэл. Түгжрэлийг багасгах цорын ганц боломжит, эрүүл зам нь нийтийн тээврийн салбарыг либералчлах юм. Нийтийн тээврийн (автобусны) үнийг чөлөөлж, компаниудад татаас олгохоо боливол нийслэлд нийтийн тээвэр зохих ёсоороо хөгжиж, хүмүүс түгжрэн барин машин унах нь багасна.

-Эрчим хүчний хомсдол хурцаар яригдах боллоо. Үүнийг та бүхнийхээр яавал дээр вэ?

-Эрчим хүчний компаниуд насжилт нь дөхсөн эсвэл хэтэрсэн тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, ажилчдыг цалингаар татаж хүчрэхгүй болчихоод буйг салбарын мэргэжилтнүүд нь хэлсээр л байна. Шалтгаан нь эрчим хүчний салбар дахь үнийн хяналт. Төр үнийг хүчээр барьснаар нэг талаас төрийн компаниуд нь байнга татаасаар ажиллаж, нөгөө талаас хувийн компаниуд энэ салбарт орж ирдэггүй. Алдагдалтай ажилладаг төрийн компаниуд нь тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийх бололцоогүй, нэмээд хүний нөөцийн хомсдолд орсноор нурж унахад ихээхэн ойртсон байна. Энэ бол үнийн дээд хязгаар нь хомсдолд хөтөлдөг гэх эдийн засгийн хуулийг монголчууд умартсаар ирсний балаг. Үнэ чөлөөлөгдчихвөл ашиг хайсан компаниуд эрчим хүчний станцуудыг барьж эхэлнэ. Эрчим хүчний үнэ өсөхөөр яаж цахилгааныхаа төлбөрийг төлөх юм гэж асуух хүмүүс гарч ирэх байх. Өмнө хэлсэнчлэн, татварыг асар ихээр бууруулах тул иргэд бодит үнийг төлж дийлнэ.

-Өнөөгийн Монголд тогтсон энэ системийг хэн бий болгов? Яаж нураах вэ?

-Нийт монголчуудын бүтээсэн, хүчирхэгжүүлсээр буй эдийн засаг дахь төрийн оролцооны систем нь өнөөгийн Монголын дорой буурайн цорын ганц шалтгаан. Төрөөс шимэгчилдэг төрийн албан хаагчид, улс төрчид, төртэй хамсдаг бизнесменүүдийг "төр эдийн засагт оролцох ёстой" гэсэн үзэл төрүүлдэг. Харамсалтай нь монголчуудын дийлэнх олонх нь төр эдийн засагт оролцох нь зүйтэй гэж боддог зүүний үзэлтнүүд. Улс төрчдөд бус, тэднийг сонгодог ард түмэнд гол учир бий. Хэдий урт хугацааны шийдэл мэт сонсогдож болох ч Монгол дахь төрийн хулгай, дээрмийн системийг устгах зам нь ард олныг гэгээрүүлэх буюу зүүний үзлээс нь салгах юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам амьдрал доройтдог. Одоогийн төрийн бодлого үргэлжилсээр байх дор иргэд улам ядуурна.

-Ингэж шулуухан хэлэхээр та нарыг сонгогчид сонгохгүй бус уу?

-Либертари Намын нэн тэргүүний зорилго бол чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэрнээс биш сонгогдохын тулд, олонход таалагдахын тулд үзэл санаанаасаа ухрах юм бол энэ намыг байгуулсны хэрэг үгүй. Бид нар олонхын санаа бодлыг дагах бус, харин дагуулах ёстой. Ерөөс Монгол дахь намууд олонх юу хүснэ түүнийг нь дагуулж ярьдаг. Яг хамхуул мэт. Либертари Нам тэдэн шиг байж болохгүй. Дахин хэлье. Бидний зорилго болвоос үзэл санаа, зарчмаасаа алхам ч ухрахгүйгээр бага багаар ч хамаагүй тогтвортойгоор ахих.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 4 цаг 46 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 4 цаг 46 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 4 цаг 47 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 4 цаг 48 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 4 цаг 49 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 4 цаг 49 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 4 цаг 50 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 4 цаг 53 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 4 цаг 54 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 4 цаг 54 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 4 цаг 55 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 4 цаг 57 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 4 цаг 58 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 6 цаг 33 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 6 цаг 37 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 6 цаг 51 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 6 цаг 55 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 9 цаг 17 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 9 цаг 31 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 10 цаг 53 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top