Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан баяр хүргэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Манай хоёр орны найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Монгол Улсын төр засаг, ард түмэн ОХУ-тай харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө байдаг.
Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Зөвхөн энэ 2018 онд гэхэд манай хоёр Ерөнхийлөгч гурван удаа уулзлаа. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Миний бие 2016, 2018 онд ОХУ-д айлчлах үеэрээ Төрийн Думын дарга В.Володин, Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нартай уулзаж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Ноён В.Володин манай улсад айлчлах урилгатай. Энэхүү урилгаа дахин нотолж байгааг Та уламжилж өгнө үү гэлээ.
Мөн 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-д албан ёсоор айлчлаагүй байгааг дурдаад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийхээр бэлтгэж буй айлчлалыг дэмжихийг хүссэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын даргын дэвшүүлсэн санал, хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа. Ийнхүү ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилсан 6 цагийн айлчлал өндөрлөлөө.
+