Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар УОК болон Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хугацаанд ирсэн нийт хандив болон монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2021 оны төсвийг баталсан. Энэ Засгийн газрын бодлого 2020 оны 3 сард ч, 10 сард ч байсан. Бид энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг олон улсын туршлага дээр суурилж авч байгаа арга хэмжээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө 100 мянган төгрөгөөр олгох арга хэмжээг 2021 оны 7-р сар хүртэл олгоно. Нийгмийн халамжийг 100 мянган төгрөг, хүнсний талоныг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгож байна. Одоо ч энэ арга хэмжээг авч байна 2021 онд ч үргэлжилнэ. 2021 оны төсөв коронавирусийн эсрэг чиглэсэн. Нийгмийн даатгалыг ирэх оноос 17 хувиар тооцож авна. Төлж чадахгүй байгаа бол алданги, торгууль тооцож авахгүй.
Мөн Ерөнхийлөгчийн өрх бүрд өгөх 1 сая төгрөгийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох, нийгмийн халамжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Нэг хүүхэдтэй өрх 1.2 сая, хоёр хүүхэдтэй айл 2.4 сая төгрөг авч байна. Тэгэхээр энэ хоёр хөтөлбөрийг харьцуулаад Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн саналд байсан ипотекийн зээлийг зургаан сар хойшлуулах саналын тухайд 2021 оны 7-р сар хүртэл хүсэлт гаргавал зээлийн хүү, эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг гаргасан. Засгийн газар мөнгөгүй болчихвол улс дампуурна.
Мөн бид нэг зүйлийг маш тодорхой болгомоор байна. Төр гэдэг хязгааргүй мөнгөтэй байгууллага биш. Мөнгөө татвараар авдаг, тэрийгээ хуулийн дагуу эргүүлээд зарцуулдаг үүрэгтэй. Мөнгө бол далай шиг хүссэн хэмжээгээр орж ирдэггүй. У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсан цагаасаа хуваарийн дагуу өр зээлээ төлөөд явж байгаа. Хуулийн дагуу судалж байгаад бүх арга хэмжээг авч байгаа.
Хамгийн эмзэг бүлэг хүмүүсийг яах гэж байна. Бидний гаргасан халамжын бодлого эмзэг бүлгийн иргэдэд хүрч байгаа. Хүнсний талон, хүүхдийн 100 мянган төгрөг, цалинтай ээж гээд халамжын бодлогууд хэрэгжиж байна" гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар "ОБЕГ болон УОК-т 291 аж ахуйн нэгж, байгууллага болон 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгөөр, 121 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 4.3 тэрбум төгрөгийн бараа материалаар буюу нийт 7.8 тэрбум төгрөгийн хандив ирсэн. Цугласан хандиваас 6.6 тэрбум нь зарцуулагдсан бөгөөд зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь ОБЕГ-ын сайтад ил тод байгаа. Одоогоор 1.2 тэрбум төгрөгийн бараа материалын хандив үлдсэн.
Мөн дотоодод цар тахлын халдвар гарснаас хойш хандив өгье, сайн дурын хөдөлгөөн өрнүүлж, хүмүүст тусалъя гэх олон төрлийн санаачилга УОК-т ирж байгаа. Гэвч бид одоогоор хязгаарлаж байгаа.
Учир нь хандив цуглуулах, тараах зэрэг нь өөрөө эрсдэлтэй. Тэр хүн өөрөө эрсдэлтэй байвал бусдад тараах, эсвэл бусдаас халдвар авах магадлал бий. Энэ бол агаар дуслын замаар, хатуу биеийн гадаргуугаар ч дамждаг цар тахал. Тиймээс 11 дүгээр сарын 11-нээс хойш сайн дурын хандивын үйл ажиллагааг хязгаарласан.
Амьжиргааны түвшин доогуур өрхөд туслах олон санаачилга гаргаж буйд талархаж байна. Гэхдээ хатуу хөл хорионы үед болохгүй. Цар тахал хэн нэгнийг тойрохгүй тул 14 хоногийн хугацаанд бүх нийтээрээ дэглэмээ хатуу барих хэрэгтэй" гэлээ.