Шинээр байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг нэр дэвшүүлэхийг дэмжив. Мөн НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Д.Сумьяабазарыг Нийслэлийн Засаг дарга болоод Улаанбаатар хотын захирагчид томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ.
Д.Сумьяабазарыг хотын даргад нэр дэвшүүлэх тухай асуудал МАН дотор сүүлийн хоёр өдөр яригдаж шийдэгдсэн ч нэр дэвшигч Д.Сумьяабазар энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байсан нь олон нийтийн зүгээс “Эрхбиш нэрээ татчих байлгүй дээ” гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ. Учир нь мань хүн ердөө гурав, дөрөвхөн сарын өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон хүн.
Гэвч өнөөдөр хуралдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан дээр Д.Сумьяабазар гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн явдал нь байдлыг өөрчлөв. Ялангуяа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад түүний илэрхийлсэн байр суурь НИТХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн гайхашруулав.
Хэлэлцүүлгийн явцад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “УИХ-ын гишүүн хүн гишүүний бүрэн эрхээсээ татгалзаагүй байж яагаад давхар албан тушаалд нэр дэвшээд явж байгаа юм бэ? Үндсэн хуулийн зөрчил болж байгаа юм биш үү?” гэсэн асуултад эрхэм гишүүн “Нэгдүгээрт хуулийн зөрчил байхгүй. Хоёрдугаарт Ерөнхий сайд томилохгүй гэвэл яах юм. Гуравдугаарт энэ бол манай намын үнэт зүйл, зарчмын асуудал” гэж хариулав. Ингээд МАН гэдэг нам УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болсноор улсын хуулийн дээр гарсан гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар өөрийн биеэр үлгэрлэлээ. Үлгэрлээд зогсохгүй НИТХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн зөрчил рүү түлхчихлээ.
Учир нь Үндсэн хуулийн 29-р зүйлд заасан ёсоор УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад буюу хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран хийхийг хориглодог. Хэрэв өөр ажил, албан тушаалд томилогдохоор бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар татгалзаж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой. Энд "томилогдсоны дараа" энэ тэр гэсэн үг огт байхгүй.
Хоёрдугаарт, МАН-ын хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх, энэ тухай шийдвэрийг НИТХ албан ёсоор хэлэлцэх хоёр бол огт өөр зүйл. Нийслэлийн МАН бол МАН-ын Удирдах зөвлөл дээр уг асуудлыг хэлэлцсэн нь намын дотоод шийдвэр учраас Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй байж болох ч НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэх нь намын бус төрийн асуудал болоод явчихаж байгаа юм. Энэ тохиолдолд зайлшгүй УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын албан ёсны шийдвэртэйгээр хуралдаанд оролцож, нэрээ дэвшүүлэх ёстой гэсэн үг. Харин НИТХ-ын шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд түүнийг томилно уу, байна уу ёстой МАН-ын өөрсдийнх нь асуудал.
Гэтэл мань хүн “Ерөнхий сайд намайг Засаг даргад томилохгүй бол би яах юм” гэсэн шиг барьцаа нэхээд сууж байгаа нь нэгдүгээрт ёс зүйгүй, хоёрдугаарт боловсролгүй, гуравдугаарт маш бүдүүлэг бөгөөд бүдүүн зүрхтэй хүн болохыг харууллаа.
Хоёрдугаарт “Үндсэн хуулийн зөрчил бий болоод байна шүү” гэсэн НИТХ-ын төлөөлөгчдийн өмнөөс “Манай намын үнэт зүйл, зарчим ийм. Нам бол ялалт байгуулах л ёстой” гэсэн үг сууж байгаа нь сонгогдсон төлөөлөгчдийг төдийгүй сонгосон сонгогчдийг нь, нийслэлчүүдийг нийтээр доромжилсон хэрэг болов. УИХ-ын дарга бол НИТХ-ын дарга биш. Нам бол төрийн дарга биш. Ийм энгийн хоёр зүйлийг ч мэддэггүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй, мэдсэн ч үл ойшоодог хүн МАН-ын удирдлагад ажиллаж, нийслэлийн намыг нь толгойлж байна. Зарчим гэвэл, МАН-ын дарга нар хэн нь хэр том толгойтой, нам дотроо ямар "овгор" байхаас үл хамаарч хууль нэг мөр үйлчилдэг л байх ёстой.
Д.Сумьяабазарын хэлснээр бол У.Хүрэлсүх “Томилохгүй” гэчихвэл өөрөө УИХ-ын гишүүн ч үгүй үлдэх учраас УИХ-ын гишүүний мандаттайгаа Нийслэлийн Засаг даргад дэвшээд явж байгаа юм байна. Томиллоо гэчихвэл гүйж очоод өргөдлөө өгчих юм байна. Гэтэл томилсон буюу батламжилсан шийдвэр гармагц Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унана. Томилохгүй байсан ч НИТХ-аас гаргасан өнөөдрийн шийдвэр Үндсэн хуулийн бус болоод явчихлаа. Тэгэхээр МАН энэ хайчин дундаас яаж гарах нь сонин байна.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (5)