Нийслэлийн МАН-ын хорооны өнөөдрийн хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүллээ. Энэ саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохоор болсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нь тодорхой.
МАН-ын хорооны хуралдаанаар МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байна" гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй тул Д.Сумъяабазарын УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах болоод байна. Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар тус тойргоос сонгогдсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Нийслэлийн Засаг даргад нэр дэвших асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна.
Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө.
Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана.
УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл (2)