Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан санал болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байна. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна" гэжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны 240 гаруй гишүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.