АН, МАХН-аас хамтран өчигдөр "Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд халдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа" талаар мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд "санал тоолох хар машиныг хакердаж, саналын дүнд нөлөөлж чадна" хэмээн тохиролцож байгаа яриа, бичлэгийг хүртэл үзүүлсэн байдаг.
Уг мэдээллийн араас өнөөдөр өглөө ЦЕГ-аас хариу мэдээлэл хийж, "хар машиныг хакердана" гэж залилан хийсэн этгээдүүдийг ТЕГ шалгаж байгаа тухай мэдээлсэн. Уг асуудлаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр үдээс хойш дараах мэдээллийг хийлээ.
ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү:
-"Улс төрийн зарим намаас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн санал тоолох машинд гаднаас халдаж, санал тоолоход нөлөөлөх ажлыг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хийж байна гэх аудио бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг өчигдөр СЕХ-ны эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хэлсэн.
Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй.
Өнгөрсөн долоо хоногт мөн "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа. Хакердсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан гэх мэдээллүүд гарсан.
Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл
Аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдсанчлан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх боломжтой хэмээн бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан.
Шалгахад аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс итгэж мөнгө өгсөн, санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөхөөр тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд тухайн төхөөрөмжид гаднаас халдах боломжгүй гэдгийг мэдэж байсан" гэв.