Өнөөдөр АН болон МАХН хамтран Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд хэрхэн халдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Сонгуулийн хар машинд хакерууд хэрхэн халдаж, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг бодит нотлох баримт дээр тулгуурлан мэдээлж байна. Бидэнд нотолгоо бүхий гурван бичлэг бий. Мөн энэ бичлэг саяхан eguur.mn дээр гарсан "Тагнуулийн 11 ажилтанг ажлаас нь чөлөөлсөн" гэх үйл ажиллагаатай холбоотой гэж хардаж байгаа.
- Нэг дэх бичлэг дээр, МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа хүнтэй холбогдоод хар машин дээр ажиллагаа явуулж, үнэ мөнгөө тохирвол тойрогт чинь тодорхой дэмжлэг үзүүлж чадна гэж ярьж байгаа;
- Хоёр дахь бичлэг дээр Анхбат гэж хүн гарч байгаа, санал тоолох хар машины санал тоолох явцад нөлөөлж чадна гэж ярьж байгаа бөгөөд өнгөрсөн хаврын сонгуулийн үеэр ч ажиллаж байсан гэж хэлж байгаа юм. Ингэхдээ саналын хуудас болон дижитал тоог тэнцүүлэх талаар ярьсаныг энэ бичлэгээс үзэж болно;
- Гурав дахь бичлэг дээр, Сумъяабазар дарга, Лхагваа эгч гэх мэт нэр дурьдагдаж, тохирсон талаар ярьж байгаа;
Баритмуудыг үндэслэхэд санал тоолох машинд нэлээд зүйл болдог байх нь. Төрийн эрхийг булааж авах оролдлого гарсаар байна. Мөн энд нилээд эх мөнгө яригдаж байгаа. Хар машиныг хакерддаг бүлэг этгээдийг олж авснаа дэлгэж байна" гэлээ.
Үүний дараа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг "Өмнөх УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад хар машин болон сонгогчдын бүртгэлийг ашигласан гэдэг нь батлагдаж байна. Орон нутгийн сонгуульд ч мөн үүнийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Энэ бичлэг дээр "Саяны УИХ-ын сонгууль дээр бид том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та нар мэдэж байгаа байх" гэж байна. Хүмүүсийн сонгоогүй хүмүүс төрийн эрхэнд гараад шийдвэр гаргаж байгаа нь хэр зүйтэй вэ. Энэ хүмүүс хар машины сервер гадаадад байдаг учраас түүн дээр нь ажиллана гэдгийг хэлж байна. Сонгогчдын эрхэнд халдаж байгаа технологийн терроризм болж байна. Энэ бол бидний сонголт биш. Бид хэнийг сонгох вэ гээд л яриад байдаг ч сонгуулийн санал авахаас өмнө шийдвэр гарчихсан байдаг. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Үүнийг зогсоохгүй бол ерөнхийлөгчийн сонгууль дээр давтагдана. Бид хэн нэгнийг сонгодог биш "төрийн эрх" авахыг хүссэн нэгэнд очдог болно. Монголд ардчилал гэдэг зүйл байхгүй болно" гэлээ.
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Ж.Эрдэнэжамъян "Дөрвөн жилийн өмнө 60 тэрбум төгрөгийн бичлэг гарахад намайг дэлхийд ч байхгүй шахуу хүний дуу бичлэгийг дуурайж хийсэн гэж хэлж байсан. Энэ бол баримттай яг тэр хүмүүсийнх нь яриа. Үүнээс ч олон байгаа байх. Бид захыг нь гаргаж тавилаа, зух нь удахгүй гарна биз. Энэ бол сонгуулийн сурталчилгаатай холбоогүй. Энэ бол Монгол Улсад ардчилал байгаа эсэх, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш биз гээд бид үүнийг дэлгэж байна" гэлээ.
Мэдээллийн дараа "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажиллагааны дүнд олдсон бичлэг гэж үзэж байгаа. Үүнийг ҮАБЗ-ийн хэмжээнд үүнийг нягталж үзэх шаардлагатай. Хэдхэн бүлэг залуучууд монголын ирээдүйг шийдэж байна. Сонгуулийн өдөр бэхэн тэмдэглэгээ хийгээч, гараар тоолооч гэж хэлмээр байна" гэсэн юм.