Захиргааны хэргийн шүүхийн анх шатны шүүхээс “Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны Есдүгээр сарын 16-нд Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 21 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн” захирамжаа хүчингүй болгосон талаар тус намаас өчигдөр мэдээллээ.
Нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 1-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан шүүгч А.Насандэлгэрийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гаргасан хүсэлт ийн хэрэгжсэнээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль товлосон хугацаандаа явагдах нь тодорхой болж байна.
Энэ удаагийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Хөдөлмөрийн үндсэн намаас нийт 27 нэр дэвшигч оролцох юм.
Намын гишүүдийн сонгуулийн сурталчилгааны ажил өнөөдрөөс эхэлж байна. Харин бусад нам, бие даагчдын сонгуулийн сурталчилгааны ажил Есдүгээр сарын 30-наас эхэлсэн юм.