УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асууж, байр суурийн сонсож байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Мөнгөн дэвсгэртийн хэмжээ ихсэх үү. 50, 100 мянгатын дэвсгэрт гаргах уу?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20,000 төгрөг. 20 мянгыг ам.долларт шилжүүлэх юм бол 7 ам.доллартай тэнцэнэ. Ингээд харахаар манай мөнгөн тэмдэгтийн номинал бага байгаа юм. Тиймээс Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа. Энэ талаар тодорхой санал гаргая гэдэг байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв дээр хүүхдийн мөнгө байгаа. Энэ жилийн хүүхдийн мөнгө гүйцэтгэлээр 1.9 их наяд хүрсэн байна. Гэвч энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг. Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулж, ханш өсгөж, эргээд ард иргэдэд дарамт болдог. Та нар үүнийг шууд хэлдэг баймаар байна. Тэгэхгүй бол биднийг хэлэхээр улстөржүүлдэг. Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог. Ирэх зургаадугаар сар болтол ахиад нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах нь. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэр нь халамжийг хавтгайруулж байна.
Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгоно гэж байна. Энэ нь мөн л барилгын материалын импортыг нэмэгдүүлнэ. Сум бүрт 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барихад асуудал шийдэгдэнэ. 100 мянган төгрөг хэдхэн өдрийн хоол шүү дээ. Ийм юмыг манай санхүүгийн байгууллага хэлдэг баймаар байна.
Харин хүүхдийн мөнгийг яг хэрэгцээтэй хэсэгт нь өгдөг бол өөр хэрэг. Ингэж хийдэг Ерөнхий сайд байвал энэ улс орон босоод ирнэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг аль болох төсвийн бодлоготой уялдуулахыг зорьдог. Энэ жилийн төсвийн алдагдал 12 хувьтай байгаа.
Хүүхдийн мөнгө олгож байгаа асуудал дээр Монголбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Харин энэ жилийн хувьд статистикаас харахад өрхийн орлого буураагүй байгаа нь сайн тал юм.