Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн 27 хүнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргасан. Гэвч нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахын өмнөх өдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг түдгэлзүүлэх захирамж гаргасан юм.
Улмаар тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээ илэрхийлээд байсан 27 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй юм.
Хуулийн дагуу Захиргааны журмаар гаргасан маргааныг 30 хоногийн хугацаанд хянан шийддэг. Гэтэл энэ хугацаанд ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч, санал авах өдөр ч өнгөрөх юм. Тиймээс ХҮН-ынхан өчигдөр Сүхбаатарын талбайд цуглан уг маргааныг маш яаралтай шийдэж өгөхийг шаардсан билээ.
Тэд ийнхүү өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.