Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь цар тахлын үе болон 2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болж байна.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт" хэмээн заасан байдаг.
Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно.
Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.
Айлчлалын үеэр манай талаас дараах гол асуудлуудыг ярилцана:
-
2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцана
-
Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар
-
Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана
-
Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асудлаар ярилцана
-
Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ
-
Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах
-
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна.
Айлчлалын үеэр болох уулзалтууд:
-
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ
-
ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлалтад орсон байгаа. Тэрээр ОХУ руу тусгаарлалтын байрнаас яваад, буцаж ирээд 21 хоног тусгаарлагдах аж.