Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнжаргал нар намууд хоорондоо хамтран ажиллах талаар мэдэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Тунхаг бичигт Монгол улсад ардчилсан шударга нийгмийн цогцлоохын төлөө хамтран ажиллана хэмээн бичсэн бөгөөд НИТХ-ын 2020 оны ээлжит суонгуульд оролцохдоо шат шатны сонгуулийн булхай, луйвар, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана гэсэн байна.
Намууд орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд нийслэл, дүүрэгт санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаар болжээ. Харин энэ намууд эвсэж байгаа хэрэг биш гэдгийг тодотголоо.
Гурван нам хэдэн хүн нэр дэвшүүлэх тоогоо эцэслэн гаргаагүй бөгөөд хамтарсан хурлаар буюу есдүгээр сарын 6-ны өдөр эцсийн шийд гарах аж.
Сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа асуултад хариуллаа.
-Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно гэсэн үг үү?
-Сонгуулийн хуулийн дагуу эвсэл байгуулах цаг оройтсон. Хоёрдугаарт, Монголын улс төрийн намууд сонгууль шударга бус явагддаг гэдэг дээр санал нэгдсэн. 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн албан хаагчид бүрдүүлдэг болсон. Үүний үр дүнд Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдсан.
Ардчилал гэж улс төрийн намууд хоорондоо эрх тэгш өрсөлдөж байгааг хэлнэ. Гэвч өнөөдөр иргэн өөрийнхөө мөнгөөр сонгуульд оролцдог бол эрх барьж байгаа нам төсвийн мөнгөөр сонгуульд оролцдог болчихоод байна. Тиймээс улс төрийн намууд хамтарч сонгуульд оролцоно. Хамтарна гэдэг нь нэг тойрог дээр эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчнээс аль нэг нь байна гэсэн үг. Тухайн тойрог дээр МАХН-аас нэр дэвшиж байгаа бол АН, ШИНЭ нам дэмжиж ажиллана.
-Сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэж байгаа намууд тухайн тойргийнхоо суудлыг хэрхэн хуваах вэ?
-Энэ асуудлыг хурлаар шийднэ. Бидний хурлууд болоогүй байна. Есдүгээр сарын 6-наас хойш тохиролцоо, квот шийдэгдсэний дараа дахин мэдээлэл хийж, аль тойрогт хэдэн хүн дэвшүүлснээ зарлах болно.