УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар /2020.08.28/ Зээлийн хүүг бууруулах стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төслийг санаачилсан гишүүд 2023 оны арванхоёрдугаар сар гэхэд зээлийн хүү сарын 1 хувь, жилийн 12 хувь болно хэмээн мэдэгдэж байсан билээ.
Монгол банкны зээлийн дундаж хүүг тооцох аргачлалаас харвал өмнөх 33 сарын хугацаанд зээлийн хүү 4,3 хувиар буурсан дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны аравдугаар сараас 2020 оны долдугаар сар хүртэлх хугацаанд зээлийн хүү 20.1 хувиас 15.8 хувь болж буурчээ.
Харин өнөөдөр УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлснээр арилжааны банкууд дахь зээлийн хүүг 40 сарын дотор 15,8-аас 12 хувь хүртэл бууруулах зорилт тавиад байна.
Зээлийн хүүг жилийн 12 хувь болгох энэ зорилт нь өнгөрөгч УИХ-ын сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан улс төрийн амлалтуудын нэг юм.