Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаана. Мөн өдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний улирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ. Уг хуулийн төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг дээд шатных нь Засаг дарга нэр дэвшүүлэх"-ээр өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Үндсэн хуулийн 62-р зүйлд "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно" хэмээн заасан байна.
Тиймээс өмнөх удаагийн хэлэлцүүлэг дээр УИХ дахь АН-ын бүлэг уг заалтыг эсэргүүцэн тайлбар гаргасны дараа Ажлын хэсэг "нэр дэвшүүлж болно" хэмээн өөрчилсөн дахиад хоёрдмол байдал, салаа утгыг бий болгочихлоо. Тиймээс өнөөдөр хэлэлцэх хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авахаар төлөвлөсөн байна. Ингэвэл хуулийн төслийн хэлэлцүүлэг удахгүй эхлэх намрын чуулган руу шилжих юм.