Сүхбаатарын талбайн зүүн тал дахь Соёлын төв өргөөний залгаа, хүзүүвчинд байрлаж асан АН-ын байр газартай тэгшлэгдээд удаж байгаа. АН-ынхан энэ байрны асуудлыг олон жил хөндсөнгүй.
Харин С.Эрдэнэ намын даргын суудлаасаа буухтай зэрэгцэн, түүний хувь оролцоотой гэх “Шонхор” тауэрээс хөөгдсөн АН-ын шинэ удирдлага газартай тэгшлэгдсэн намын байрны асуудлаа судлан, сурвалжилж эхэлсэн байна.
2012 онд АН-ын байрны хувь заяа Н.Алтанхуягийн гараар замхарсан гэх. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа “Ардчиллын өргөө бариулна" хэмээн хандив цуглуулж, гүйцэтгэгч шалгаруулсан гэдэг. Тухайн үед тус намын гишүүд хэвлэлийн хурал зарлан “Манай намын дарга нар долоон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө зарах, худалдах нууц тогтоолд гарын үсэг зурчихлаа” гэж мэдэгдэж байсан удаатай.
Сураг сонсоход АН-ын дарга асан Н.Алтанхуяг намын байраа "гурван үсэгтэй" компанитай тохирон буулгасан гэж зарим хэвлэл мэдээлж байсан бол АН-ын өнөөгийн удирдлага харин уг асуудлыг судлан сурвалжилсны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банкийг буруутан шүүхэд өгсөн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банк АН-ын хуучин барилгыг нь нураан шинэ байр барьж өгөхөөр гэрээлснээс хойш гэрээний үүргээ биелүүлэлгүй найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд АН-ынхан түрээсийн байраар толгой хорогдон хоног төөрүүлж байв.
Эцэст нь АН-ын гал голомттой холбоотой уг маргаан өндрөө авч, шүүхийн шатанд очлоо.