Энэ наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг тавьжээ. Гэвч мань хүн ашиг сонирхлын зөрчлийн улмаас болж АТГ-т дуудагдаж магадгүй болоод байна.
О.Чулуун нь 2016 оноос Уул уурхайн сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Гео Тех Импекс” гэх цоо шинэ компанийг өөрийнхөө нэр дээр 100 хувь эзэмшигчээр тухайн ондоо байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг Геологийн судалгааны ажлаас 3.5 тэрбум төгрөгийн тендер авсан юм байна. Сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байхдаа өөрийн эзэмшлийн компанид тендер авсныг "ашиг сонирхлын зөрчилтэй" гэж үзэхээс өөр аргагүй.
Гэтэл өнөөдөр Үндэсний геологийн албаны даргаар томилогдсон нь Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хуулийг тус тус зөрчжээ. Төрийн албаны томилгоог ил тод, шударгаар явуулна гэж амласан Ерөнхий сайд, Засгийн газар энэ удаа ийм том алдаа хийсэн нь салбарынхны голыг гонсойлгосон явдал болов.
О.Чулуун нь Үндэсний геологийн албаны даргаар томилогдохын өмнө өөрийн төрсөн хүү болох Ч.Золбоод “Гео Тех Импекс” ХХК-иа шилжүүлэн өгч, уг компани одоог хүртэл 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй геологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа.
Үндэсний Геологийн албыг улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр энэ оны нэгдүгээр сард Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд шинээр байгуулсан юм байна. Гэтэл энэ чухал албыг эрх ашгийн ноцтой зөрчилтэй этгээдээр удирдуулах болсон нь араасаа олон асуудлыг дагуулах нь бололтой.