УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс түүнд 2,5 жилийн хорих ял оноожээ. Мөн түүний нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хассан байна.
Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өмнө дөрвөн удаа хойшилсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн хуулийн 22.1.3-т зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.
Түүний УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-гаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт нь шүүхээс дээрх ялыг оноосон байна.