УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/ гэмт хэрэгт холбогдуулан Г.Солтанд 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.
Түүнийг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан үйлдэлд нь буруутгаж, яллагдагчаар татсан бөгөөд УЕП М.Энх-Амгалан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д нэг удаа оруулж ирсэн авч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос "гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдэх хүртэл түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзсэн билээ.