Монгол Улсын 25 Ерөнхий сайд С.Баярын тэргүүлсэн, МАН, АН-ын Хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээрээ шүүхээс 10 жилийн ял сонсов. Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Оюу Толгойд Монголын талыг төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд, Б.Бямбасайхан болон Б.Ариунсан, Б.Бадрал нарыг Дубайд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр мөн шүүхээс 1.6-4 жилийн хорих ялыг тус бүрт нь оноогоод байна.
Араас нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг мөн гэм буруутайд тооцож таван жилийн ял ногдуулсан нь энэ өдрүүдийн гол шуугиан байв.
Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал шүүхээс ял оноосноор үргэлжлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадаас мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татах шалтгаан болов.
"Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа!" хэмээх гарчиг бүхий цахим хуудсаараа дамжуулсан түүний байр суурь бүхэлдээ өдгөөгийн Ерөнхийлөгч рүү чиглэсэн нь чиглэсэн нь анхаарал татах.
Тэдгээр дунд нэгэн ноцтой өгүүлбэр явсан нь "Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугүй явлаа.
Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу?" гэсэн үг байв.
Өөрөөр хэлбэл, "Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу" гэх Ерөнхий сайд асны үг Төрийн ордонд амиа алдсан УИХ-ын гишүүн, сайд агсаны амиа алдсан хэргийн зангилаанд бас нэгэн эргэлзээг үүсгэж орхисон хэрэг. Сонирхолтой нь, С.Баярцогт нартай холбоотой асуудлаар Ч.Сайханбилэг мэдэгдэл хийгээд удаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газрын даргаар очсон хурандаа Ж.Болдыг өрөөндөө дуудан уулзаж, "Төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.
Төрийн ордонд амь насаа алдсан төр нийгмийн зүтгэлтэн хийгээд Х.Баттулга, Ч.Сайханбилэг нарын хувьд нэгэн цагт Ардчилсан намын малгайнд хамтдаа зүтгэж, бодлого тодорхойлж явсан хүмүүс.
Цаг хугацааны дэнс, улс төр, бизнесийн хамаарал бүхий харилцан ашиг сонирхол нь тэднийг өөр хооронд нь хэзээ, хаана зөрчилдүүлж, голын наана, цаана гаргасныг хэлж мэдэхгүй ч өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх намтар, түүх нь Ардчилсан намтай холбогддог нь салшгүй, гашуун үнэн.
Гагцхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цагдаагийн ерөнхий газрын шинэ даргыг дуудаж сануулга өгснөөр үргэлжилсэн нь бас нэгэн асуултыг дагуулж эхэллээ.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (1)