Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа ямар бүтэцтэй, хэрхэн бүрдүүлэх нь олны сонирхлыг ихэд татаж байна. Аль яаманд хэнийг томилж, хэнтэй хамтарч зүтгэх бол. Хөшигний ард нэлээд юм өрнөж, тэрийг энэ, энийг тэр яамны сайдаар томилуулна эсвэл түүнд томоохон албан тушаал өгөхгүй гэх эрх ашиг хөндөгдөж байгаа. АН, Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнээ салбарын сайдад зүтгүүлнэ. МАН өөрийнхөө гишүүдээ томоохон албан тушаалд томилчих юм сан гэж байгаа нь лавтай. Хаана, хаанаа олон хүний эрх ашиг хөндөгдөж, хэрэндээ салбарын сайд, томоохон албан тушаалд тухалчих санаатай хамаг л нарийн арга, ухаанаа шавхан, дээгүүр доогуур гүйж байгаа, одоо ид.
УИХ-д сонгогдож чадаагүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, нэр дэвшээгүй Д.Тэрбишагва, Ч.Улаан нар “тэтгэвэр”-тээ гарах бус харин ч эсрэгээрээ сайд болохоор санаархан, аль хэдийнэ хэд хэдэн нүүдэл хийгээд буй. Уг нь ард түмэн тэдэнд дүнг нь тавьсан. Одоо хэрхэх нь Ерөнхий сайдын л шийдэх асуудал. Тэд төрд хэрэгтэй “зайран”-гууд байсан уу гэвэл байсан. Харин одоо залуу үед зайгаа тавьж өгөх цаг нь болсоон. Тийм боловсон хүчин Монголын төрд хангалттай бий. Боловсон хүчин гэснээс МАН салбарын сайд, томоохон албан тушаалын томилгоондоо оруулж ирэн, толгойг нь ашиглавал төрд хэрэгтэй хэд хэдэн эрхэм бий. Тэд бол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар. Хэдийгээр тэд гишүүн болж чадаагүй ч ажлын туршлага, мэдлэг нь яалт ч үгүй Монголын төрд хэрэгтэй. Тиймээс МАН томилгоондоо тэднийг оруулж ирэн, багтаа нэгтгэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, төрийн ажил ахицтай, урагштай үргэлжлэхэд ч тустай.
ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АН-ын НҮҮРИЙГ ТАХАЛСАН З.НАРАНТУЯА
Сонгуулийн дараа Монголын ард түмэн завханчуудын сонголтод халаглан, түүнийг сонгоогүйд ихэд гайхсан гэвэл үнэнээс зөрөхгүй. “Цэрэнпунцаг, Нарантуяа хоёр л сонгогдох болов уу” гэсэн олны таамаг зөрсөн. Олонх хүн “Яаж ч бодсон Баярсайханаас Нарантуяа дээр. Яагаад ийм юм болчихов оо” гэж халаглаж суухад З.Нарантуяа “МАН өнгөтэй, Баярсайхан ёндоотой байлаа. Түүнийг битгий шүүмжлээрэй. Амжилт хүсье” гээд уужуу хандсан. “Сонгуульд луйвардуулчихлаа” гэх мэт элдэв шалтага тоочин, гоншигноогүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч хүнд байх учиртай зангараг.
Өмнөх парламентын тэр тусмаа АН-ын гишүүдийн гол дүрүүдийн нэг нь З.Нарантуяа байсан. Үргэлж ийм ч төсөл, тийм ч ажил гээд цаас нухаж суудаг, хуулийн төслүүд дээр бүх судалгаагаа өөрөө хийдэг ажил хэрэгч эрхэм. Санхүү, банкны салбарт гарц гаргагч тэр яах аргагүй мөн. Асуудлыг бодитой, зах зээлийн зарчмаар хардаг хуруу дарам гишүүний нэг байсан. Өмнөх парламентад олон асуудал дээр АН З.Нарантуяагаар нүүрээ тахалсан. Харин одоо түүний орон зай төрд хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх учиртай хүмүүсийн нэг тэр мөн.
ХУУЛИЙН САЛБАРТ ТОД МӨРТЭЙ Х.ТЭМҮҮЖИН
УИХ-ын гишүүнээс хоёр ч удаа сонгогдон, хууль зүйн сайдаар ажиллаж явсан Х.Тэмүүжин хуулийн салбарт тод мөртэй эрхэм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллахдаа “амьгүй” албат байгаагүй. Хуулийн салбарыг шинэчлэхээс гадна хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хувилдаан, Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа хэрхэн худалдаж, үүгээрээ яаж бэлжиж буйг ил зарласан, олонд илчилсэн. Тэдний үйлдлийг Ерөнхийлөгч өөгшүүлээд суугааг хүртэл илчилсэн. Цагдаагийн цол, зэрэг авлига, хээл хахуулийн уурхай болсныг ч тэр зүгээр өнгөрөөгөөгүй. Харамсалтай нь тэгснээсээ болж тэр адлуулсан. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг тэр биеэрээ, гэр бүлээрээ мэдэрсэн. Ажил, албан тушаалаараа яллуулж, сүүлдээ хэн ч бус “Сайн ах” болж үлдсэн. Тэглээ гээд Х.Тэмүүжин бууж өгөөгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Х.Тэмүүжингийн орон зай хэрэгтэй.
ШИНИЙГ САНААЧЛАГЧ Б.БЯМБАСАЙХАН
Энэ удаагийн сонгуульд цагдан хорих ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг нь Б.Бямбасайхан. Тэрбээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад олон жил шалгагдан, өдгөө цагдан хоригдож буй.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Манила дахь оффист олон жил зүтгэхдээ Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажилласныг салбарынхан нь сайн мэднэ.
Б.Бямбасайхан Монголдоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулж, 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн юм.
Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.
“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудалд Б.Бямбасайхан буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Буруутай, буруугүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл Монголын төрд Б.Бямбасайхан хэрэгтэй.
Эх сурвалж: EGUUR.MN