Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17” гэдэг нэртэй шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт зарлажээ.
Зургаан жилийн өмнө Бон Жун Хо “Parasite” киногоороо Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, “Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд шалгарч байсан юм. Ингэснээр Академийн шагнал гардуулах ёслолоос уг шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болж байв.
“Mickey 17” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, эмгэнэлт инээдмийн кинонд Английн жүжигчин Роберт Паттинсон Миккигийн дүрд тогложээ. Микки бол “үхэх нь хэвийн зүйл болсон” цаг үед хүнийг хувилан олшруулснаар олон удаа амьдрах боломжийг олгодог хөтөлбөрт сайн дураараа оролцож буй нэгний дүр юм.
Берлинале гэгддэг Берлиний кино наадам бол энэ онд болох Европын эхний томоохон кино наадам юм. Энэ удаагийн наадмын үеэр Британийн жүжигчин Тильда Свинтонд кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог хүндэт шагналыг гардуулах ажээ. Тэрбээр өмнө нь мөн Бон Жун Хотой хамтран ажиллаж байсан юм.
75 дахь удаагийн Берлинале наадам ирэх хоёрдугаар сарын 13-23-ны хооронд болно. Наадмын хөтөлбөр болон “Алтан баавгай” шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг нэгдүгээр сарын 21-нд зарлана. Өнгөрсөн жил Франц-Сенегалын найруулагч Мати Диоп “Dahomey” баримтат киногоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байв.