Английн хөл бөмбөгийн “Манчестер Сити” клуб Норвегийн довтлогч Эрлинг Холандтай шинээр удаан хугацааны гэрээ байгуулсан тухай The New York Times сонинд мэдээлжээ.
Шинэ гэрээ 2034 оны зун хүртэл үйлчлэх бол өмнөх гэрээний хугацаа 2027 оны 6 дугаар сард дуусна.
Энэ улиралд Холанд тус багийн бүрэлдэхүүнд 21 тоглолтод оролцохдоо 16 гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт хийсэн байна.
Өдгөө 24 настай Холанд “Манчестер Сити” багт 2022 оны 7 дугаар сараас хойш тоглож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр 126 тоглолтод оролцохдоо 111 гоол оруулж, 15 оновчтой дамжуулалт хийжээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнд Английн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж, Английн цом ба Супер цомыг тус бүр нэг удаа хүртэж, Аваргуудын лиг ба УЕФА-гийн Супер цомын тэмцээнд түрүүлсэн байна.
Өмнө нь тэрбээр Германы “Боруссиа Дортмунд” клубт тоглож байхдаа Германы цомын тэмцээнд түрүүлсэн бол “Ред Булл Зальцбург” багийн бүрэлдэхүүнд Австрийн аваргаар хоёр удаа шалгарч, цомын тэмцээнд түрүүлж байв.
Холанд бол Норвегийн шигшээ багийн ахлагч бөгөөд 39 тоглолтод оролцохдоо 38 гоол оруулж, дөрвөн удаа оновчтой дамжуулалт хийжээ.
Одоогийн байдлаар, “Манчестер Сити” баг 21 тоглолтод 35 оноо авснаар Английн АШТ-ний хүснэгтийн 6 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 19-ний өдөр “Ипсвич” багтай талбайд нь тоглоно.