“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онц дэглэмийг сунгах тухай Засгийн газрын шийдвэр гараад дөрвөн 7 хоног өнгөрчээ.
Өнгөрөгч наймдугаар сарын 14-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийг хугацааг сунгах тухай саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж, түүнийг нь УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын ээлжит бус чуулганыг сунгах захирамж гаргахдаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр”, ”Монголросцветмет” ТӨҮГ-уудад тогтоосон Онц дэглэмийн хугацааг сунгах асуудлыг оруулаад байгаа.
Энэ оны гуравдугаар сарын 7-ны Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д онц дэглэм тогтоосон зургаан сарын хугацаа өнгөрөгч сард дуусчээ. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Ингэхэд энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт оров оо?
Нэгдүгээрт мэдээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн өмчид авч, 49 хувиас томилогдсон ТУЗ-ийн гишүүд болон удирдлагын албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн явдал орж байна.
Хоёрдугаарт, 2016 оны долдугаар сарын 21-нд үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаас баталсан бүтэц, зохион байгуулалтыг өөрчилжээ. Тухайн үед баталсан үйлдвэрийн бүтэц, зохон байгуулалт нь 6000 гаруй ажилтантай том аж ахуй нэгжид хангалтгүй хэмээн үзэж, Ерөнхий захирал болон Ерөнхий захирлын орлогч /Ерөнхий инженер/, Ерөнхий захирлын чиглэл хариуцсан гурван орлогч, дөрвөн газар, 19 хэлтэс, 30 цех, нэгжтэй байхаар зохион байгууулсан юм байна.
Гэвч Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хуьийг төрд шилжүүлсэн, ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүдсэн үйл явц нь шүүхэд очиж, шинээр байгуулагдсан ТУЗ-ийн шийдвэрийг шүүх хүчингүй болгосноос хойших хоёр жилийн хугацаанд ТУЗ дахин хуралдаагүй юм байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд Монгол Улсын хуулийн хүрээнд бүрэн дүүрэн орж ирээгүй байна аа гэсэн үг.
Гэвч нөгөө талд, Онц дэглэмийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 154 сая ам.долларын үнийн дүн бүхий /410 орчим тэрбум төгрөг/ 197худалдан авалтын гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулж, хууль зөрчсөн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Харамсалтай нь энэ үнэн байв. Үйлдвэрийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааны талаарх тайлангаас үзвэл 2019 оны эхний долоон сард худалдан авалтын 315 гэрээ байгуулсны 197-г нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан, "456,7 тэрбум төгрөгийн худалдан авалтын төлөвлөгөө батлагдсанаас 410,3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 56,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан” гэсэн байна.
Анх үйлдвэр дээр Онц дэглэм тогтоох болсон үндэслэлээ Л.Оюун-Эрдэнэ сайд “ТУЗ ажиллахгүй, шүүх дээр асуудалтай байгаа учраас “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ярьж чадахгүй байна. Бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй, мөнгө зарцуулах эрх нь хүртэл төвөгтэй байдалд байна. Улс оны эдийн засагт нэн чухал үүрэгтэй энэ үйлдвэрт үүсэд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд Онц дэглэм тогтоолоо” гэж тайлбарласан.
Гэтэл тэгж сүржигнэн байж Онц дэглэм тогтоосны үр дүн нь ердөө энэ гэж үү? Хэдэн захирал томилж аваад хэдэн зуун тэрбумаар нь тендэргүй гэрээ байгуулах байсан юм уу? Тайланд бичсэн үйлдвэрийн үйл ажиллагаа, ашиг орлогын тухайд бол Онц дэглэм тогтоохоос ч өмнө үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүнээс хол давсан тайланг Засгийн газарт ирүүлж байсныг энд нурших нь илүүц биз. "Стандарт" банкны өрийг төлсөн асуудал ч гэсэн Засгийн газар хэрвээ эрхийг нь олгосон бол аль эрт шийдэгдчих байсан зүйл. Хэрвээ энэ өр онц дэглэм тогтоох шалтгаан мөн байсан бол одоо байхгүй болсон.
Тэгэхээр Онц дэглэмийн хугацааг нь сунгавал Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрт яг юу хийх юм? ТУЗ-ийн асуудлыг шүүх зогсоосон, "Жаст"-ын хэргийг шүүх гацаасан гээд суугаад байх юм бол Засгийн газарт хийж ажил байна уу?
Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм ч гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа юмуу? Аль 1991 онд БНМАУ-ын үед баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” УБХ-ын тогтоол шинэ /1992 оны/ Үндсэн хуулийн орчинд хүчинтэй эсэх талаар зургаан сар маргаж байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)