В.Путины айлчлалд
Олон янзын дарангуйлагчид болон дарангуйлал байдаг! Ленин, Троцкий, Гитлер, Муссолини, Мао зэрэг дарангуйлагчид бол үзэл санааны хийрхэгчид. Тэдэнд эд баялаг мэтэд шунах жижиг материаллаг сонирхол үгүй.
Ленин, Троцкий нар хувь хүний бизнес хийх эрх, эрх чөлөөг ор мөргүй устгаж, ажилчин ангийг хүн төрөлхтний манлайд гаргах Марксын үзэл санаанд автсан хүмүүс. Гитлер болохоор еврейчүүдийг устгаж "цэвэр цусны ари" үндэстнийг хүн төрөлхтний манлайд гаргах зорилготой. Муссолини Ромын эзэнт гүрний сүр хүчийг дахин мандуулахыг хүссэн. Мао, онолын хувьд тохирох учиргүй ч марксист үзэл санааг ашиглан тариачдын хувийн сонирхолыг үгүй хийн Хятадыг нэгтгэхийг зорьсон. Харин Сталин, Ким Ир Сен, Франко нар бол өөртэй нь мөчөөрхөлцөж өрсөлдөх гэсэн хэнийг ч огт тэвчдэггүй атгаг, атаачаасаа болж дарангуйлагч болсон хүмүүс. Тэд өрсөлдөгчөө устгах, хөнөөх ажлыг биечлэн удирдан зохион байгуулж, түүнээсээ таашаал авдаг байсан. Тэдний хувьд, үзэл санаа бол эрх мэдлээ тогтооход нь хэрэгтэй хэрэгсэл төдий байсан. Эд баялаг ч бас сонин биш байсан. Тэдэнд бүхэл бүтэн улсыг өөрийн болгон "хувьчилж" авдаг "хааны титэм" л чухал байв.
Гэтэл Сухарто, Маркос, Каддафи, Ниязов, Мобуту зэргийн дарангуйлагчид бол анхнаасаа л эд баялагт шунасан хувийн ашиг сонирхолтой этгээдүүд байв. Тэдний эцсийн зорилго бол эрх мэдлийг ашиглан баяжих. Тэгээд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг булаах, улсын мөнгийг шамшигдуулах, их гүрнүүдийн тэмцэлд "биеэ үнэлэн" мөнгө цохих зэрэг аргаар хөлжсөн улсууд. Мэдээж, хувийн сонирхлоо бататгахын тулд дарангуйлал тогтоож байгаагаа юу гэж хэлэх вэ, том том зүйл ярьцгааж байсан.
Бас африк чиглэлийн дарангуйлагчид байна. Тэд бол өөрийн онгод шүтээнтэй, бөөгийн зан үйл бүхий дарангуйлагчид. Хийрхэхээрээ хүний мах иднэ, зүрх сугална, хүмүүсээр тахилга үйлдэнэ.
Мөн пол потын болон талибан маягийн дарангуйлагчид байна. Тэд бол манай гишүүн Жавхлантай төстэй үзэл санаатай улсууд. Дундад зууны ёсыг эргүүлэн авчирч сэргээн мандуулах зорилготой гэдгээрээ!
Олон янзын дарангуйлагчдыг; "үзэл санааны хийтэй буюу измын", "хаан мэт болохыг хүсэгчид", "талибан маягийн", "эдийн шуналтай" гэх зэргээр хэлбэр дүрсээр нь ялган ангилж судалбал сайнсан. Тийм судалгаа хийгдээгүй болохоор дарангуйлагч гэдэг ерөнхий ухагдахууны дор тухайн хэлбэрийн дарангуйлагчийг танин мэдэх үйл явц бүдэгрээд байдаг юм.
"Эдийн шуналтай дарангуйлагч" хэмээх ангилалд дээр дурдсан Сухарто, Маркос, Каддафи, Ниязов, Мобуту мэтийн дарангуйлагчид нэн түрүүнд багтах нь дамжиггүй.
Монголд дарангуйлал тогтох тун магадлалтай болсон! Харин ямар хэлбэрийн дарангуйлал тогтох бол? гэдэг нь тодорхойгүй. Миний бодлоор Монголд "Эдийн шуналтай дарангуйлагч"-ийн дарангуйлал тогтох хандлага бараг зуун хувь гэж шууд хэлж болно. Яагаад ийм итгэлтэй байгаагаа тодруулъя!
Жишээ нь "үзэл санааны хийтэй дарангуйлагч"-ийн дарангуйлал буюу "измын дарангуйлал" манайд эргэж ирэхгүй. Учир юу гэвэл измын буюу философийн хэлээр том-хүүрнэл (метанарратив)-ийн үе нь үеэ элээсэн. Марксизм, фашизм, нацизм зэрэг том хүүрнэлүүдэд, шашин хэмээх метанарратив улс төрийг тодорхойлогч нөлөөгөө тавьж өгч байсан шиг, цаг нь болоход тэдгээр измүүд постмодерн эрин үед өөрсдийн улс төрийн байр сууриа тавьж өгсөн. "Измүүдийн клубүүд" л үлдсэн.
Тэгэхээр, ямар нэгэн измд "зүрх сэтгэлээ өгсөн" хийтэй удирдагч орчин үед гарч ирэх аргагүй. 21-р зуунд дэлхийн янз бүрийн улсуудад дарангуйлал тогтдог юмаа гэхэд элдэв янзын измын дарангуйлал тогтохгүй.
Монголд ч гэсэн өдгөө, бүх нийтийн өмчийг хураан нийгэмчилж, хувь хүн бизнес хийх эрх, эрх чөлөөг устгаж социализмаа сэргээх зорилготой удирдагч гарвал ард түмэн дэмжихгүй нь ойлгомжтой.
Мэдээж 30 гэр бүлийн хөрөнгийг хураана гэхэд дундаж анги нь чимээгүй, ядуучууд нь алга ташин жудаггүйтэх биз. Гэхдээ, эргээд тэр олон түмний өөрсдийнх нь өмч хөрөнгө, бизнесийн эрхэнд халдах гэвэл бослого болно.
Жишээ нь Ромын эзэнт гүрнийг сэргээнэ гэж Муссолини хөөрцөглөснийг дуурайж, Чингисийн эзэнт гүрнийг сэргээнэ хэмээх удирдагч манайд гарч ирвэл наад зах нь хоёр хөрш маань нам дарна. "Хөх монгол" уул уурхайн компаниудыг рэкетлэгч гэгддэг болохоос биш, орос бахь эрс ирээд анхааруулга өгөх төдийд л өмдөндөө чацга алдах улс билээ!
Жишээ нь Сталин, Ким Ир Сен нар шиг хэтийдсэн атгаг, атаач байдлаасаа болоод дарангуйлагч болох хүн манайд төрнө гэхэд амаргүй. Манай ирээдүйн дарангуйлагчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн хэн нь ч атгаг, атаач байдлаараа бие биедээ мөчөөгөө өгөхгүй!
Жишээ нь пол потч Жавхлан шиг этгээдүүд манайд дарангуйлагч болох ямар ч боломжгүй. Одооны монголын залуучууд яаж ч эргүүтлээ гэсэн интернэтээ хаагаад, гар утсаа хаяад, машинаа орхиод, орон сууцаа нураагаад монгол дээлээсээ өөр хувцас үл өмсөхийг тэвчиж, морио унан, монгол гэрт гал түлэн, гэргийгээ араг тэврүүлэн төрүүлдэг дундад зууны мэт дэглэмд амьдрахыг зөвшөөрөхгүй. Тэгэж байхаар үхсэн минь дээр гэх биз!
Ийнхүү олон талаас нь авч үзээд эргэцүүлэн бодвол Монголд "эдийн шуналтай дарангуйлагч"-ийн дарангуйлал л тогтох боломжтой. Тийм учраас ийм хэлбэрийн дарангуйллыг тогтон судлах хэрэгтэй билээ.
Эдийн шуналтай дарангуйлагчийг судалахад; улсаасаа их хэмжээний хөрөнгө "шаасан" Сухарто (40 гаруй тэрбум доллар завшсан Индонезийн дарангуйлагч), Маркос (7 тэрбум орчим доллар завшсан Филиппиний дарангуйлагч), Каддафи (200тэрбум доллар завшсан Ливийн дарангуйлагч), Ниязов (3 орчим тэрбум доллар завшсан Туркмений дарангуйлагч), Мобуту (14,5 тэрбум доллар завшсан Заир "Конго ч гэдэг"-ын дарангуйлагч) нарын хүмүүсийн баримт хангалттай бий.
Тэдгээр дарангуйлагчийн улсаасаа шаасан мөнгийг хэр хэмжээтэй болохыг иргэдийнх нь орлоготой харьцуулбал мэдэгдэнэ. Жишээ нь, Ниязов өөрийнх нь мэдэгдсэнээр 3 тэрбум доллар (үнэндээ түүнээс хэд дахин их гэдэг) гэтэл туркмен хүний сарын орлого 5 доллар орчим байсан гээд бодоход ямар их хөрөнгө "шаасан" нь ойлгомжтой.
Эдийн шуналтай дарангуйлагчид олон түмний эмоциор тоглохдоо эгнэшгүй. Тэд байгалийн авьяастай. Тэр авьяасынх нь өмнө ямар ч оюун ухаантан мөхөсдөнө.
Эдийн шуналтай дарангуйлагч нар эрх мэдлийн төлөө тэмцэхдээ "шударга ёсыг тогтооно!", "авлига коррупцтай хайр найргүй тэмцэнэ!", "улсын хөрөнгийг завшигчдыг алаад өгнө!", "ард түмний баялгийг төрд нь буцааж авна!", "шударга бусаар хөлжигчдийн өмч хөрөнгийг хураана!", "нийгмийн, үндэсний язгуур эрх ашгаа аваръя!" гэх зэрэг улс төрийн ялзралд автсан нийгмийнхээ хувьд онцгой тулгамдсан шаардлагуудыг бүхнээс чангаар хашгирч чаддаг байлаа. Бас олон түмний эмоцид хүрэхдээ идтэй, увидастай супер популист мета-хүүрнэлүүд болох марксизм, фашизм, национализм зэрэг үзэл санаануудыг гүнзгий ойлгож мэдэхгүй ч зөнгөөрөө чадварлаг ашигласан.
Ийнхүү ард олныхоо эмоциор тоглон засгийн эрх мэдлийг авч чадсан, дарангуйллаа ч тогтоож чадсан. Ингээд л дээр дурьдсан геополитикоор тоглох, өрсөлдөгчийнхөө хөрөнгийг хураах, төрийн өмчийн компаниудын захирлаар төрөл төрөгсөд, анд нөхдөө томилон ажиллуулах зэрэг олон янзын арга мэхүүдийг ашиглан баяжих амин хувийн зорилгоо амжилттай хэргжүүлсэн юм.
Сүүлдээ улсын хөрөнгийг завших нь ил цагаандаа гарч, яаж эрээ цээргүй галзуурч байсан гэж санана!
Мобуту хүн нэвтрэх аргагүй жунглид Версалийн ордныг дууриалган ордон бариулж, Парис хотоос төрсөн өдрийнхөө тортыг "Конкорд" онгоцоор зөөлгөн халуунаар нь авчруулж байх жишээтэй.
Филиппиний дарангуйлагч Маркос улсынхаа мөнгийг завшаад зогсохгүй, өөрт нь таалагдсан бизнес эрхэлж буй компанийг шууд булаагаад авчихна. Нөхрийнхөө тонуул, дээрэм хийж олсон мөнгийг эхнэр Имельда Маркос нь үрэхийг үзүүлж өгдөг байв. Нью-Иоркийн Манхэттанд дөрвийн дөрвөн өндөр байшин худалдаж аваад л, дэлгүүрээс нь хоёр өдрийн дотор 5 сая долларын тансаг хувцас аваад л, тэгэнгүүтээ "Филиппин улс бол манай гэр бүлийн эзэмшлийн улс" хэмээн онгирч ярилцлага өгөх жишээтэй.
Каддафи алтанд нугасгүй дуртай нэгэн байсан бөгөөд гар буунаас нь авхуулаад суудаг диван нь хүртэл алтаар хийгдсэн. Шинэ сүүг нь уухаар тэмээгээ мөнгөөр хийсэн усан сан бүхий 120 сая доллар (наяад оны ханшаар шүү!)-аар захиалж хийлгэсэн хувийнхаа онгоцоор авч явж байх жишээтэй. Уг нь Ливийн хаант засгийг унагаад социализм байгуулна гэсэн хүн шүү дээ!
"Шударга ёсыг тогтооно" хэмээн хамгийн том дуугаар хашхичиж байсан популистууд, эдийн шуналтай дарангуйлагчид болцгоон, султан хаад ч өмнөөс нь ичиж үхмээр улсаа завшиж, завшсан хөрөнгөөрөө тансаглан галзуурцгааж байжээ. Харин ингэж аархаж галзуурцгааж байхдаа өөрсдийг нь, үр хүүхдүүдийг нь тосон хүлээж байгаа аюулыг мэдээгүй юм!
Каддафи өөрийнх нь эсрэг боссон хүмүүсээс зугтаж яваад муу усны хонгилоос олдон, нохой шиг буудуулан үхсэн. Гурван хүүхэд нь алуулсан. Амьд үлдсэн хүүхдүүдийг нь одоо олны өшөө авалтаас хамгаалах гэж нуун маш их чирэгдэл болж байгаа.
Бусдад нь Каддафи шиг аймшигт явдал тохиолдоогүй боловчиг ихэнх нь насныхаа эцсийг ард түмнийхээ хилэгнэл, хараал дор үдсэн. Ураг төрлийнх нь нэр, муугийн жишээ болон шившиглэгдэж үлдсэн. Ач гуч нь ургийн нэрээ нуун зон олноос дөлж явцгаадаг болжээ.
Ийн, эдийн шуналтай дарангуйлагчид улс үндэснийхээ түүхэнд, түүхийн явцад таарсан "нэг муу хог" болон үлддэг. Үр удмаа хүний нүүр харах аргагүй болгон үлдээдэг.
Эдийн шуналтай дарангуйлагчдын шившигтэй, эмгэнэлтэй төгсгөл нь далд ухамсартаа шуналаа тээж яваа популистуудад сургамж болдоггүй нь жигтэйхэн. Өнөөдөр ч зарим улсад шинэ каддафи, шинэ сухарто, шинэ мобуту нар бий болж байна. Энэ бол хүний шунал хэмээх эмоци түүний оюун ухааныг дийлж чаддагийг харуулж байгаа юм.
Монголчууд бидний аз харихад, алсын шуналдаа оюунаа гээсэн популистууд манайд улам бүр олон болж байгаа. Эдийн шуналтай дарангуйлагчид нэр дэвшигч нар л улам олон болж буй гэсэн үг.
Тэдний яг хэн нь эцсийн бүлэгт ялж дарангуйлагч болохыг таахад амаргүй. Жишээ нь өнөөдөр Хүрэлсүх манлайлж яваа нь маргаангүй боловч удахгүй Оюун-Эрдэнэ түүнийг ямар нэгэн юманд холбон дайраад зайлуулан ялж гарахыг үгүйсгэх аргагүй.
Яадаг ч байлаа, эдийн шуналтай дарангуйлагч болох тэр хүн өөрт нь ямар эрсдэл учирч болохыг урьдчилан төсөөлөх гэж хичээх хэрэгтэй. Шунал оюун ухааныг нь балартуулж, төсөөлөх чадварыг нь муутгадгаас ирээдүйн эрсдэлээ үл тоож гэнэддэг.
Эдийн шуналтай дарангуйлагчийн дарангуйлал тогтоход тухайн улсын эдийн засаг уналтад орно. Учир нь тухайн улсаас чанартай хөрөнгө оруулалт дайжиж хөрөнгийн хомсдолд бий болно. Эдийн шуналтай дарангуйлал тэсгэлгүй бизнес, хөрөнгө оруулалтыг тонож дээрэмддэг тогтолцоо тул ийм байдалд гарцаагүй хүрнэ.
Чанартай хөрөнгө оруулалт гэж тодруулахын учир бол луйварчдын хөрөнгө оруулалт орж ирж магадгүйг тооцож байгаа юм. Луйварчдын хөрөнгө оруулалт бол луйвраа гүйцээгээд л гараад явчихдаг учраас тогтворгүй, түншээ хулхидсан, маш эрсдэлтэй!
Хөрөнгийн хомсдол, гадаад валют доллараас хараат Монголын эдийн засагт шууд цохилт үзүүлнэ. Валютын ханш гаарч инфляцийг хөөрөгдөж эдийн засаг унана. Аягүйдвэл чөлөөт уналт ч болж магадгүй. Манай өрсөлдөх чадварын үзүүлэлтийг Венесүэлийн түвшинд зэрэгцүүлсэн байна үү дээ!
Хэрэв эдийн засаг Венесүэл шиг гипер уналт руу явбал манай эмоцилог олон түмэн тэсэхгүй. Шууд л босно. Ийм үед дарангуйлагч, хэн нэгэн рүү хариуцлагаа чихэх гэж оролдох боловч чадахгүй, хариуцлага хүлээж л таарна. Яагаад гэвэл дарангуйлагч учраас!
Тэр үед, өнөөдөр популистуудыг уухайлан дэмжиж явсан олон түмэн, санаа нь хувирч, жигшин зэвүүцсэн олон түмэн болон эмоцийнх нь чиглэл өөрчлөгдсөн байх болно. Эдийн шуналтай дарангуйлагчийн идсэн уусан хэмжээ нь их байх ахул улам их уурсана. Каддафи шиг 200 тэрбум доллар бус Ниязов мэттэй адилхан 3 тэрбум доллар "шаасан" байхыг мэдвэл, шууд нохой шиг үзэж "зүйл дуусгана". Дүүжилж ч мэднэ, буудаж ч мэднэ!
Ийм эрсдэл буйг өдгөө эдийн шуналдаа халуурчихсан яваа манай ирээдүйн дарангуйлагч нар мэдвэл зохино!
Э.Бат-Үүл /baabar.mn/
Сэтгэгдэл (2)