Зургаан жил үргэлжилж 70-85 сая хүний амь авч одон хөрст дэлхийг нураахтай шахсан Дэлхийн сүүлчийн дайн эхэлсний 80 жилийн “ой” энэ өдрүүдэд болж байна. Тухайн үед бие даасан тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 73 улсын 62 нь оролцож дэлхийн бөмбөрцгийн газар нутгийн 80 хувийг хамарсан энэ дайн хүний түүхэнд тохиосон хамгийн цуст, хамгийн том байлдаан байлаа.
Дэлхийн анхдугаар дайн дуусаж Вэрсальд энхийн гэрээ байгуулан гариг ертөнцөө амар амгалан болголоо гэж хүн төрлөхтөн баярласан юм. Гэтэл үгүй ажээ. Нэг хэсэг нь ялагдсандаа хонзорхож, нөгөө хэсэг нь дэлхийн дайн асар их хожоо авчрах бололцоотойг хараадахаж. Дайнд ялсан зарим нь олсон олзоо чамлалаа. Бараг л дайны маргаашаас нэлээд улс орон дараагийн дайнд бэлтгэж эхэлсэн юм. Голлох хэдэн хүчирхэг орнуудад цэргийн дэглэм тогтов. Цэргийн биш нь гэхэд цэрэг үзэл суртлаа бүрэн атгасан иргэний дарангуйлал. Муссолин Италид фашист дэглэм, Гитлер Германд нацист дэглэм, Сталин Орост коммунист дэглэм тогтоосон бол Японы төрийн эрх мэдлийг цэргийнхэн гартаа авчээ.
Түрэмгийллийн анхны туршилтыг Японы милитаристууд эхэлсэн. Тэд 1931 онд Зүүн Хойд Хятадын эзлэн авсан ба тэндээ Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, цэргийн бүрэн хяналтдаа авсан. Дараагийн түрэмгийлэгч нь Итали. Тэд 1937 онд Этиопыг эзлээд хойтон жил нь Албанид довтолж өөрийн протекторат гэж зарлах нь тэр. 1937 онд Япон Хятадад дайн зараллаа. Түрэмгийллээ дэлхийн нийтийн өмнө зөвтгөхийн тулд Итали, Герман улсууд 1936 онд “Коминтерний эсрэг холбоо” гэгчийг байгуулсан юм. 1919 онд Москвад байгуулагдсан III Интернационал буюу Коминтерн тухайн үед дэлхий нийтэд хүчээ авч орон бүрд салбарууд нь байгуулагдан терроризм үйлдэн төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого энд тэндгүй гарах болсон юм. Чухам ийм дарамтын эсрэг хуурамч нэгдэл нь олон оронд дэмжигдэж удалгүй Япон, Унгар, Финланд, Дани, Румын, Испани, Түрэг, Болгар зэрэг арав гаруй орон нэмж нэгджээ.
Гэтэл хойтон жил нь 1937 оны 11-р сард Герман, Итали улсууд “Тэнхлэг” гэх цэрэг эдийн засгийн холбоо шинээр байгуулсанд удалгүй Япон энд нэгдсэн юм. Үүнийг Берлин-Ром-Токиогийн холбоо ч гэдэг. Түрэмгий гурван орон шинэ дайн өдөөх үнэн хорхойсож байлаа. Анхдугаар дайнд ялагдсан Герман хонзогнолдоо баригдаж байсан бол, нэгдүгээр дайнд ялагч талд байсан Итали эдийн засгийн гүн хямралтай, харин мөн ялагч талд байсан Япон байгалийн баялаг, түүхий эдийн нэн хомсдолтойгоос гадна жижигхэн арал хүн амаа тэжээж хүрэлцэхгүй байжээ. Тэд зөвхөн гадагш түрэмгийллээр бэрхшээлээсээ гарч болно гэж үзэж байв.
"Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ?" /baabar.mn/