Зурвас дэлгэе. “…По суверенной гарантии нет процентов и не надо возвращать. Это благотворительность по линии фонда ООН Аналогов нет в мире, только финансирование делают кто и страна не в блоке НАТО. Вашему президенту надо передать американцев не приглашали к себе официально. Это может караться. Как в Казахстане Назарбаев Н ушел отставку так как. Доигрался с американцами. Хотел дружить, Китай и др.страны не хотели. Это мои друзья со мной помогаем бедным странам и кому сильно надо деньги по национальным проектам этого страны. Только для нужд народа. С уважением целитель…”
Уг зурвасыг дэлгэхийг зөвшөөрсөнд талархавч товч утга, хол санаа, ойр сэдэл гээд харилцаагаа бүрэн дүүрэн ойлголцсон нэгэндээ л бичдэг богино тэмдэглэгээ төдийхөн юм. Задалж унших хүн нь мэдээж хүлээн авагч…
Захидлыг Азийн орнуудад хэрэгжүүлэх, хөгжиж буй улс үндэстнүүдийн бүтээн байгуулалтыг дэмжих, бүс нутгийн хөгжлийг зохицуулах тэргүүлэгч гүрнүүдийн хамтын бодлоготнуудын зүгээс ирүүлсэн болов уу гэх хардлага төрж байна.
Өөрөөр хэлбэл, еврейчүүдийн хийж байгаа ажил. Энэ л биднийг байгалийн баялгаараа улам хөгжиж, “Зүүн хойд Азидаа жүүд шиг байх” мөрөөдлийнхөө төлөө Назарбаевынх шиг шийтгэл амсах вий гэж хатуухан сануулж байгаа хэрэг болов уу. Орон зай, цаг хугацааны байдлаас зорилгыг нь тодруулах гэвэл “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр” буюу НҮБ-аас ядуу буурай орнуудын хөгжлийг дэмжиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах сангийн Монголын төр, засагтай хамтран хэрэгжүүлэх явцад АНУ-тай тогтоосон харилцааны шинэ шат буюу стратегийн түншлэл тогтоосон явдал оросуудын дургүйг хүргэж, сүр хүчээ илтгэн харуулах идэвхтэй алхам хийхэд хүргэсэн байж ч магадгүй юм.
Элчин сайдын мэндчилгээ& мэдэгдэл
2019 оны наймдугаар сарын 30. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовын мэндчилгээнээс дипломат ёс гэхээсээ дургүйцэл, шаардлага ханхийж байв.
Түүний мэндчилгээ гэх мэдэгдэлд “Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан”,“Нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх боломж нээсэн”, “Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан” гэхчлэн ач холбогдлыг сануулаад “Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой”, “Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!” гэжээ. Дээрх сануулгын төгсгөлд цэлмэг тэнгэрийг ерөөсөн нь саяхан монголчуудыг алмайруулсан супер зэвсгүүдтэй нь сүлэлдэж, дээрх зурваст дурдсан “караться” гэгчийн тухай бодохгүй өнгөрөх аргагүй. Харин Монголын төр зөв бодлого баримталж, төвийг сахьсан статусаа баталж, аливаа цэргийн эвслээс татгалзвал магадгүй НҮБ-ээс ч том хэмжээний буцалтгүй тусламж дэмжлэг ирэх магадлалтай гэж ойлгогдов. Өөрөөр хэлбэл биднийг “алдаатай бодлого баримталж байна” гэж шууд шүүмжлээгүй ч ямар нэг аргаар сануулж ойлгуулах оролдлого хийгээд байх шиг харагдахгүй байна уу?
Бан Ги Мүн юу хэлэв?
Тэгвэл НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо хуралдсан Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг нээж хэлсэн үгэндээ “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэгч форумын хувьд, Азийн төлөөх Боао форум нь Монгол Улсын хийж бүтээсэн зүйлд нь талархал илэрхийлж, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сорилт бэрхшээл, боломжоор дүүрэн дэлхийд Азийн төлөөх Боаогийн форум нь Азийн улс орнуудыг, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүрдүүлэхэд идэвхтэйгээр хувь нэмэр оруулахыг уриалж байна” гэсэн. Харин Бан Ги Мүн уг форумын үеэр тавьсан илтгэлдээ “Азийн орнуудад эв нэгдэл, төвлөрсөн интеграц ажиглагддаггүйд би гайхдаг. 54 гишүүн оронтой Африкийн холбоо гэж бий. Арабын 23 орон нэгдэн, Арабын холбоог байгуулсан. Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол” гэсэн нь дээрх сэдэвтэй холбоотой байсан болов уу.
Энхтайвны илгээлт дэх анхааруулга
Бас нэг санууштай факт гэвэл энэ оны 6-р сарын 3–5 өдрүүдэд Россотрудничество агентлагийн оролцоотой зохион байгуулагдсан Олон улсын хүмүүнлэгийн Ливадийскийн V Чуулган анх удаа “Ливадийскийн энхтайвны илгээлт” гэгчийг батлан гаргасан.
Үүнд “Ливадийскийн V Чуулганы оролцогч Оросын Холбооны Улсын Холбооны Хурал, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын субъектуудын төрийн байгууллага, иргэний хийгээд экспертын хамтын нийгэмлэг, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд, гадаад орнуудын төлөөлөгч бид, “Энхтайван, шудрага ёсны туйлын зорилтыг бэхжүүлэх хийгээд ЮНЕСКО-ийн Дүрэмд тусгалаа олж баталгаажсан энх тайвныг хамгаалах санааг хүмүүсийн ухамсарт төлөвшүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлийг илэрхийлж”, “Дэлхий даяар энх тайвныг хадгалахад чиглэгдсэн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг бүх улс гүрнүүд тууштай уг дугуй сахин мөрдөх шаардлагыг зөвшөөрч”, “Хүндэтгэсэн бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан улс ард түмнүүдийн хоорондын харилцааг сайжруулах үйлсэд ардын дипломат ёсны ач холбогдлыг гүнээ ухамсарлаж”, “Улс ард түмнүүдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд уриалан дуудаж, соёлоор ойртон нягтрах, соёл хүмүүнлэгийн салбар дахь улс хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх явдлыг дэмжиж”, “Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын талаарх түүхэн үнэнийг зарим улс оронд санаатай гуйвуулах явдалд санаа зовниж, нацизмын үзэл санааг сэргээх, расизм хийгээд ксенофобийг түгээн дэлгэрүүлэх оролдлогыг тууштай шударгаар шүүмжлэн, 2020 онд Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх тухай улс гүрэн, олон улсын байгууллага, дэлхийн олон нийтэд хандан уриалж, энэхүү илгээлтийг улс гүрнүүдийн удирдагч, парламентчид, олон улсын төрийн ба төрийн бус байгууллага, олон нийтийн зүтгэлтэн, эрдэмтэн, соёл боловсролын зүтгэлтэн, бидний дэлхий дээр энхтайвныг хадгалах нь нийт хүн төрөлхтний гол үүрэг мөн гэдгийг зөвшөөрсөн та бүгдэд илгээж байна.
Мөн улс түмнүүдийн хоорондын итгэлцэлийг бэхжүүлэх, даян дэлхийд энхтайвныг дэмжих зорилго бүхий шашин хоорондын хийгээд угсаатан хоорондын хэлэлцээрийг явуулах бага хурлыг 2022 онд Оросын Холбооны Улсад зохион байгуулах санаачлагыг дэмжихийг хүсч байна” гэсэн байдаг.
Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын ЕрөнхийлөгчД.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглав. Ингэхдээ АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлж 192 улстай дипломат харилцаа тогтоосноос “Стратегийн түншийн харилцаа тогтоосон тав дахь улс нь АНУ болсон”-ыг зарласан. Үүнийгээ хэдхэн хоногийн өмнө Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын индрээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дахин нотолж тодотгов. АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөснөөс яг нэг сарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эх орондоо угтан авах гэж байна. Тэрбээр Д.Трамптай стратегийн түншлэл тогтоосны дараа, олон улсын санкцид орсон хүнд хэцүү үед нь бусад цаг үеийнх шигээ байж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай гар барина. Амаргүй цаг үе. Оросын хэвлэлүүд энэ айлчлалыг хэрхэн “зөгнөж”, монголчууд нэг өдрийн ажлаа алдаж, төв замуудаа хэсэгчлэн хаахаас хавьгүй том ач холбогдолтой, “түгшүүртэй” цаг хормуудыг өнгөрүүлэх гэж байна.
Айлчлалын “найруулагч” гэж байдаг уу?
Айлчлалын дараа Монгол, Оросын харилцааны үл анзаарагдам шинэ тоолол эхлэх болов уу. Хэрэв тийм бол “АНУ-тай стратегийн түншлэл тогтоосны өмнөх ба дараах” гэж томъёолж болох юм.
Одоо эргээд харахад цаг үед Монгол, Оросын харилцааны нэн ээдрээтэй мөчид Х.Баттулга Ерөнхийлөгч “болсон”. Магадгүй түүнийг Кремль Монгол дарга нарт босгоо өндөрлөсөн цаг үед бөхийн спорт, эртний найзууд гэх шалтаг, сэжмүүдээр тодорхой сонголт хийж “Ерөнхийлөгч болгосон” гэх таамаг бий. Ийм маягаар төрийн хар хайрцагны бодлого явдаг юм болов уу. Энэ бүхний үр дүнд “цаашаа харчихаад байсан” В.Путин “наашаа харж” байтал АНУ-д болсон айлчлал дуулиан дэгдээсэн. Тиймээс ч Халхголын ялалтын энэ удаагийн ойг Оросын талаас дээр дурдсан дайралтууд дагалдлаа. Цаашид бид яах вэ? Оросуудыг гомдоогоод АНУ-ыг түших үү. Мэдээж үгүй. Хятадыг тууштай даган баясч, ШХАБ-д элсэх үү? Бүү мэд.
Ямартай ч “хорхойтой араанд зуугдсан” маань тодорхой. Тиймээс монгол, орос иргэд хоорондын энгийн нөхөрсөг болон бизнесийн харилцаан дунд ийм зурвас ирж байхад “дээд түвшинд” яриа хэлэлцээний уур амьсгал ямар болж өнгөрөх бол гэдэг сонирхолтой. Зурвасын агуулга болоод илгээсэн эзэн нь хэн бэ гэдэг талаас харвал “Сармат”-аас хүчтэй “зэвсэг” агсан хүлээж байж ч мэднэ. Тэгвэл энэ бүхнийг “найруулсан” тэр хүн, хүмүүс хаана байгаа бол? Энэ бол зөвхөн таамаглалаас үүдсэн хардалт!
У.Оргилмаа /baabar.mn/ 2019.09.01
Сэтгэгдэл (1)