Үндсэн хууль нь нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой баримт бичиг учраас дэлхийн улс гүрнүүд Үндсэн хуулиа төдийлөн өөрчлөөд байдаггүй. Тод жишээ бол Европын сэргэн мандалтын ололтуудыг шингээсэн АНУ-ын 200-аад настай Үндсэн хууль. Энэ хууль бол иргэд нь төрөө шударга сонгуулиар сонгох, төр нь иргэнийхээ жам ёсны эрхийг баталгаажуулах зэрэг либераль ардчиллын үндсэн зарчмуудыг илэрхийлсэн учир харьцангуй тогтвортой байдлыг хангадаг. Товчоор, Үндсэн хууль нь ямар төр байхыг мөн ямар үйл ажиллагаа явуулж болох, болохгүйг тодорхойлдог. Монголчуудын Үндсэн хуульдаа оруулж буй шинэчлэл тэгж чадах уу?
Нэмэлт өөрчлөлтийн төслүүд
-
МАН 2016 онд Их Хуралд үнэмлэхүй олонх болмогцоо Үндсэн хуулийг өөрчлөхөө эрчимтэй яриад эхэлсэн. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2016 онд гишүүн болмогцоо Стэнфордын профессор Фишкинийн “Зөвлөлдөх ардчилал” онолыг монголын хөрсөнд буулгахыг оролдож эхэлсэн. Зөвлөлдөх ардчилал нь шийдвэр гаргахад хүмүүсийг оролцуулах онол бөгөөд шууд ардчилал, төлөөллийн ардчилал хоёрын хослол (хайбрид) юм.
Төдөлгүй Үндсэн хуулийг өөрчлөх талаар иргэд нийтээр хэлэлцүүлэх ажлыг орон даяар өрнүүлсөн. Гэвч энэ хэлэлцүүлэг иргэдийг мэдээлэлжүүлсэн, мэдэлжүүлсэн гэдэг нь эргэлзээ төрүүлдэг. Тайвань маягийн таван салаа мөчир бүхий улс төрийн системийг хавчуулсан хэлэлцүүлэг нь иргэдээс олон саналууд авсан ч, судлаачдын идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарч, Гишүүн саналаасаа татгалзав. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх хэлэлцүүлгийн дүгнэлт болон Үндсэн хууль судлаачдын саналыг нэгтгэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан ажлын хэсгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гаргав. Энэ төслийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр боллоо.
-
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөр нэг төслийг аль нэг халааснаасаа гаргаад ирэх нь тэр. Хэзээ, яаж, хэн судлаад энэхүү төслийг бэлдсэн нь тодорхойгүй. Энэ тухай лавласан залууг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга “яасан том дуутай юм чи” гээд нам болгов.
-
УИХ-д суудалгүй жижиг намуудтай дуу хоолойгоо нэгтгэх болсон МАХН бас нэг төсөл, гэхдээ бүр шинэ Үндсэн хуулийн төсөл бэлджээ. Үүнийгээ тэд Шинэ дээд Үндсэн хууль гэж нэрийдэв. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийг бүтнээр нь өөрчлөх зорилготой гэнэ.
Тоглоомын онол
Энэ өдрүүдэд улс төрчид нэг дэх болон хоёр дахь төслүүдийг эвцүүлэн нэгтгэх ажилд ороод байна. Энэ нь шуудхан хэлэхэд улс төрийн эрх мэдлийн наймаа болж хувирах тийш хандлаа. Заалт бүрээр наймаалцаж чадвал өөрчлөлт батлагдана. Үгүй бол батлагдахгүй нь тэр. УИХ-ын Гишүүд болон Ерөнхийлөгчид тус тусынх нь өргөн барьсан ҮХ-ийн төсөл ашигтай харагдавч эцсийн дүнд нийтэд тэр дундаа иргэдэд бол бүр ч хохиролтой үр дүн гарна. Товчхондоо хэнд ч ашиггүй нөхцөл байдал руу өөрийн мэдэлгүй орчихож байгаа нь “Тоглоомын онол (Game Theory)” лугаа адил.
Хамгийн гол нь бид судлаачдын олон жил улиг болтол ярьсан хагас ерөнхийлөгчийн тогтолцооноосоо салж, парламентийн тогтолцоогоо бэхжүүлэх зорилго хэрэгжихгүй. Шүүх засаглалын хараат бус байдал үлгэр туульс болно гэсэн үг юм. Ийм маягаар ҮХ-аа шинэчлэх гэж байгаа бол эртхэн больсон нь дээр.
Анхаарах ёстой асуудал
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дараах гол асуудалд анхаарах хэрэгтэй байна. Үүнд:
НЭГ. Үндсэн хуулийн асуудалд хуульчдаас гадна эдийн засаг, улс төр, социологи, антропологи гээд нийгмийн ухааны бусад судлаачдыг идэвхтэй оролцуулах. Учир нь Үндсэн хууль бол тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л хүрээнд хамаатай.
Жишээ нь өмчийн асуудлыг Үндсэн хуулиар тодорхойлдог. Эдийн засагчид өмчийн асуудлыг нь тодорхойлоход голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ талаар байр сууриа “Байгалийн баялаг яг хэний өмч вэ” нийтлэлдээ би дурдсан. Ер нь манай Үндсэн хуулийн талаар хуулийн бус мэргэжилтнүүдийн судалгаа бараг байдаггүй. Хуулийнханд нэг сул тал бий. Тэр нь асуудлыг том зургаар нь харахын оронд техникийн жижиг асуудалд (details) хэт их анхаарч, чухал том асуудлаа харахгүй өнгөрөх нь бий.
ХОЁР. Нэг удаагийн өөрчлөлтөөр бүх асуудлыг шийдэх гэж дайрах нь хохирол авчрах магадлалтай. Тиймээс тухайн цаг үеийн хамгийн чухал, дээд эрэмбийн асуудлаа зөв тодорхойлоод, яг л тэр асуудлаа засахад л төвлөрөх учиртай. Үүнийг Паретогийн 20:80 зарчим гэдэг. Нийт асуудлын 20 хувийг л шийдэхэд үлдсэн 80 хувь дагаад шийдэгддэг. Хэрэв гол биш асуудал руу эхлэж орвол, асуудал шийдэгдэхгүйгээс гадна, 80 хувийн доторх гол биш асуудлууд цааш нь хөтлөөд явна.
Энэ логикоор Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг монголчилсон засаглалын гацаанаас гаргах гэж томьёолж болно. Учир нь манай улс төрийн тогтолцоо ерөнхийлөгчийн ч бус, парламентийн ч бус, холимог ч бус, монголчилсон тогтолцоо болчихоод байгаад юм.
Монголчилсон засаглалын гол гацаа гэдэг нь Ерөнхийлөгч гэх субьект төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдуулчихаад байгаа тухай юм. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажлыг давхар гүйцэтгэж болдог, Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгч нь шүүх эрх мэдлийг хэрхэн хянаж, өөрийн эрх ашигт үйлчлүүлж болдгийг тус тус харуулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгч нарыг хоморголон халж, буцаагаад томилохдоо 13 шүүгчийг “мартаж” орхисон.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэрээр эрх мэдлээ тэлж байна. Үүний тод жишээ нь саяхан АТГ, Прокурор, Дээд шүүхийн удирдлагуудыг ҮАБЗ-ийн саналыг үндэслэж солих тухай хуулийн өөрчлөлт юм. Ерөнхийлөгч гэх субьект эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг устгасаар ирлээ.
ГУРАВ. Уул уурхайн хүчин зүйл. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад МУ эдийн засгийн хувьд уул уурхайгаас шууд хамаардаггүй байлаа. Эдүгээ монголын ирээдүй хүссэн ч, эс хүссэн ч уул уурхайгаа хэрхэн авч явахаас де факто, шууд хамаардаг болжээ.
Тиймээс энэ удаагийн өөрчлөлт нь Монгол улсад хариуцлагатай уул уурхай бий болоход эерэгээр нөлөөлөх учиртай. Үгүй бол улс төр, эдийн засгийн байдал маш хүндрэх эрсдэл бий болчихлоо. Жишээ нь одоогийн төслөөр сум, дүүргийн засаг даргыг иргэдээс сонгоно. Энэ нь сумын засаг дарга уул уурхайн төслийг хаах, зогсоох эрхтэй болно гэсэн үг.
Олон хүн суурьшсан газраа хот суурин гэх үү, засаг захиргааны нэгж гэх үү? Засаг захиргааны нэгж гэвэл төрийн үйлчилгээ, улсын төсөвтэй холбоотой асуудал болно. Оршин суугчдын бүтэц гэвэл шал өөр хандлага шаардана. Хот суурин гэвэл дундын асуудлаа шийдэхийн тулд өөрсдийн татвар, хураамжтай, бас бонд гаргах эрхтэй байх ёстой.
Энэ асуудал одоо байгаа Үндсэн хуулинд ч тэр, шинээр өөрчлөх гэж байгаад ч нэг мөр болж чадаагүй байна. Дараа нь дээрх нэгжүүдийн захирагчийг томилох уу, эсвэл сонгох уу гэдэг асуудал яригдана. Хамгийн гол нь сонгосон эсвэл томилсон удирдагч нар чинь нийтийн баялагтай холбоотой ямар эрх мэдэлтэй байх вэ гэдэг чухал. Нийгмийн гэрээ л юм бол бид энэ асуултуудынхаа хариултыг авсныхаа дараа л Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлая.
Хамгийн гол нь ҮХ-ийн энэ удаагийн өөрчлөлтөөр монгол ерөнхийлөгчийн тогтолцоотой улс юм уу, эсвэл парламентийн тогтолцоотой юм уу, эсвэл холимог тогтолцоотой юм уу гэдэгт тодорхой хариулт гарч ирэх юм.
Д.Жаргалсайхан /baabar.mn/