Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр “шөнө дөлөөр” хэвлэлийн бага хурал зарлаж, Тост, Тосон бумбад олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай төвшөөрлийг цуцалснаа мэдэгдлээ. Энэ үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, АМГТХЭГ-ын дарга нарт өгсөн юм. Шалтаг, эсвэл шалтгаан нь өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн сүлжээгээр тарсан “5 саяын” бичлэг болов.
Тодруулбал, Тост Тосон бумбын ордыг хамгаалахаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдээс Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр тус сумын иргэн н.Нямдаваа “Манай сумын дарга нар энэ хөдөлгөөнөө зогсоовол 3-5 сая төгрөг өгнө гэж байна. Бидний амыг барих гэж байна. Арай ч дээ” хэмээн бахиран уйлж, телевизийн камерт бичигдсэн билээ. Харин Ерөнхий сайд өчигдөр харьяа яам, агентлаг, хууль, хүчний байгууллагынхантай уулзах үеэрээ “Сумын удирдлагууд хэлэлцүүлэгт оролцсон 40 гаруй хүнд авилга амалсан” хэмээн баталгаажуулав. Мөн үүнд оролцсон сумын удирдлагууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэг болгосон. За энэ ч яахав. Хуультай юм хуулиараа явна биз.
Харин Ерөнхий сайдаас чиглэл авангуутай гарч гүйгээд ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан дарга нарын үйл хөдөлгөөн бүр ч сонирхолтой. АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн үйлдсэн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрт,
“Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/5540 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/01 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны 01/2291 тоот албан бичгийг үндэслэн...” гээд цааш нь “Сауд гоби коэл транс ХХК-ийн MV-017038, MV-019036 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал уулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг бус, одоо албан тушаал хашиж байгаа улс төрийн албан тушаалтнуудын шахалтаар шийдвэр гаргажээ гэсэн үг. Харин тэдний шийдвэр юунд үндэслэсэн бэ гэж үү?
Мэдээж Ерөнхий сайдын өгсөн аман даалгаварт. Ядаж Засгийн газрын хуралдааны тэмдэглэл юм уу тогтоол ч (Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд гаргаж болох шийдвэр) байхгүй. Тиймээс өөрсдөө ажлын хэсэг томилоод, хагас өдрийн дотор “Сауд гоби коэл транс ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн” гээд дүгнэлт гаргачихсан. Ингээд "бушуу туулай борвиндоо баастай" гэдэг боллоо.
БОАЖ-ын сайдын хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тухайлбал, “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн байна. Харин нутгийн иргэдийн ярьж байгаа зүйл бол өөр. Тэдний хэлж буйгаар орон нутгийн засаг захиргаа нь “Сауд гоби”-г эсэргүүцэх нь байтугай илт тэдний талд үйлчлээд, авилга аваад, иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа юм байна. Дээр нь тусгай зөвшөөрлийг олгохдоо иргэдийнхээ үгийг сонсоогүй, саналыг нь аваагүй юм байна. Түүнээс биш “нөхөн сэргээлт хийгээгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй” тухай яриагүй л дээ. Энэ чинь хоёр өөр зүйл. Хоёр өөр зүйлийг өөр нэг зүйл л нэгтгэж байх шиг...
Дашрамд хэлэхэд үүгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, эсвэл "Сауд гоби коэл транс"-ыг хамгаалах, эсвэл онгон дагшин байгаль, эх нутгийнхаа эко системийн төлөө (Ерөнхий сайдын хэлсэнчлэн) иргэдийн тэмцлийг шүүмжлэх гэсэнгүй. Харин Монголын төрөөс гарч байгаа шийдвэр бүхэн хуульд нийцэж, захирагдаж байх ёстой юм шүү. Нэг хэсэг нь хуулийн дор, нэг хэсэг нь хуулийн дээр амьдарч болохгүй. Хуулийн дээгүүр алхах эрхийг хэнд ч өгөөгүй шүү л гэсэн санаа. Хуулиас давбал шүүхийн өмнө очино, шүүхийн өмнө очвол хариуцлагын тухай яригдана.
Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд “Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, эко системийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой” гэдэг угаасаа ухвар мөчид зүйл. Хуулийн өмнө хүн бөхийнө үү гэхээс хууль хүний өмнө бөхийж болдоггүй. Хууль нь хэрвээ хүнийхээ эсрэг байна аа гэвэл хуулийг зөрчих биш засаад яв. Түүнээс биш хуулиас гадуур шударга ёс, хуулиас дээгүүр хариуцлагын тухай асуудал энэ улсад байхгүй. Байх ч ёсгүй, Ерөнхий сайд аа!
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (6)