Айлчлалын гол үр дүн нь хоёр улс Ардчиллыг төгөлдөржүүлэх үйлсэд түншийн ёсоор хамтран ажиллахаа тунхаглан зарлалаа. Либераль ардчилал мухардсан гэх домгийг үгүйсгэлээ.
Монгол Улс; Ерөнхийлөгчийнхөө мутраар, Ардчилал, хувийн бизнесд түшиглэсэн чөлөөт зах зээл тогтолцооны төлөө тууштай явна гэдгээ олон улсын өмнө "андгайллаа". Айлчлал, манайтай харилцагч олон улс, тэр дотроо хоёр хөршийн анхаарлын төвд байсан нь ойлгомжтой.
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг нотолсон Тунхаглалд "...ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхүүлэн дэмжих, авлигатай тэмцэх,санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ", "Худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг... өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжих..." зэрэг чиглэлд түншийн ёсоор хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгчийн түүхэн айлчлалыг нэг л явдал "но"-той болгож байна. Энэ нь Ерөнхийлөгчийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд Ерөнхий прокурор орсон явдал юм.
Манай прокурорын тогтолцоо Америкийн Нэгдсэн Улсынхаас их өөр. Манай прокурорын инстүүц Үндсэн хууль, хууль ёсоор "Шүүх эрх мэдэл"-дээ хамаарна. Тэгээд, шүүх эрх мэдлийг, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс зааглах зарчмын дагуу прокурорын инстүүц хараат бус, бие даасан байхаар хуульчилсан буй! Харин АНУ-д прокурор нь шүүх эрх мэдлээсээ тусдаа "хол", илүү улс төрдөө ойрхон байдаг. Жишээ нь, АНУ-ын Ерөнхий прокурор нь хуулийн сайдын албан тушаал давхар хашдаг аж. Монголчилбол, сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурор байх ёстой болно.
Манай Ерөнхийлөгч, Ерөнхий прокуророо айлчлалын багийн бүрэлдэхүүнд оруулан дагуулаад явж байгаа нь америк маягаар харах юм бол Трамп, Дээд шүүхийнхээ Ерөнхий шүүгчийг дагуулаад явж байгаатай адил хачин зохисгүй харагдана. Эсхүл Конгресст ажлаа тайлагнах ёстой тусгай прокрор Роберт Мюллерийг Трамп дагуулж яваад байгаа мэт гажиг үзэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, бие биеэ хянан тэнцвэржүүлж байх ёстой төрийн эрх мэдлүүд "хамууд" болчихсон хутгалдаад явж байна гэсэн хэрэг. Америкт ийм явдал болбол Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч хоёрын хэн буруутайг нь импичмент (итгэл эс үзүүлэн чөлөөлөх) үзүүлэх нь гарцаагүй. Бөөн скандал болно.
Одоо Америкийн албаны хүмүүст Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ерөнхий прокурортоо үүрэгдэн, өмнө нь алба хашиж асан ерөнхий сайдууддаа зориуд хэрэг үүсгэх, барьж хорих үйл ажиллагааг явуулаад байгаа юм хэмээн гомдол мэдүүлбэл шууд үнэмшинэ. Тэр тусмаа үгэнд нь ороогүй Ерөнхий прокуророо өөрчилж, шинэ хүн томилоод, тэр хүнээ дагуулан явааг мэдэх юм бол бүр ч эргэлзэхгүй. Манай Ерөнхийлөгч, прокурор маань хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа гээд ч итгэхгүй биз!
Ер нь Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор хоёр АНУ хүртэл чилийсэн хорин дөрвөн цаг хамт нисэхдээ ахин хэчнээн баривчилгааны операци "тохирсон" ч юм билээ. Ямар ч байсан Энхсайханыг яаж шоронд хийх тухай "зохиомж"-оо хэрхэн сайжруулахыг нарийвчлан хэлэлцсэн байхыг үгүйсгэх аргагүй дээ!
Э.Бат-Үүл
Сэтгэгдэл (2)