Энэ бол comment. Стратегич С.Баярын номын нээлт, тэр үеэр анх удаа нүүр тулан нэгнээ харсан харцны солбицол ямар нэг “зүйл” бичихийг шавдуулсаар байв. Гэвч магтаал эсвэл шүүмж яагаад ч гарахгүй, тэднийг бичих хүн нь би биш юм. Тиймээс сэтгэгдэл гэж тодорхойлох нь онох байх. Миний л сэтгэгдэл болсон хойно хардалтаар дүүрэн байж таарна. Уг нь хардалт бол хүний сэтгэлээс урган гардаг хамгийн муухай “ялгадас”. Гэхдээ ялгадсыг хадгалбал яадгийг мэднэ биз дээ. Тиймээс хардлагаа хуваалцъя. Өөрөөр хэлбэл С.Баярын номыг магтсанаараа, эсвэл муулснаараа “тодрох шизофрени”-ээс зайлсхийж нүдээ аниад мэдэрснээ бичлээ.
Хамгийн эхлээд “С.Баяр яах гэж ном бичив?” гэж хардлаа. Эр хүнийхээ хувьд жаран туулсан тэрбээр Ганц худагаас айж шоконд ороод байхаар хүн яавч биш. Эрх мэдэлтнийхээ хувьд гэвэл АТГ-ынхны ажиллагааны үр дүн, Н.Энхбаяраас хойш “том тул” яах аргагүй мөн. Тэгэхээр “юм үзсэн” хүн болоод чимээгүй өнгөрөх гэхээр цагаан захтны гэмт хэргийн загалмайлсан эцэг болж түүхэнд үлдэх тул наминчлал маягийн ном бичээд “эргэн ирэв” бололтой. Нэг талаас тухайн үеийн АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөө рүү орж буй бичлэгээс өөрөөр “С.Баяр Ганцхудагт байгаа эсэхэд” эргэлзэж байсан хүн надаар дуусахгүй байх. Нөгөө талаас ихэмсэг С.Баярын өмхий камер дахь өдрүүд хэн нэгэнд сонин байх гэсэндээ, өөрийнх нь жиргэснээр “менежмент” байж.
С.Баярын номын эхний хуудас шоронгийн камераас эхэлдэг. Цаадах чинь л өөрөө шорон гээд сүржигнээд байгаа болохоос үнэн мөнөө тогтоолгох хүртэл цагдан хорих газар л даа. Би л хувьдаа тэгж хүлээж авсан. Камераас эхэлсэн бичвэр нэг л явдаггүй ээ. Зарим хүний хэлж байгаа шиг “нэг амьсгаагаар шудраад” дуусгаж болохгүй байв. Мэдээжийн ч юм бичээд байгаа юм уу, баримт дүүрэн гэснээ ганц ч баримт гэчихээр юм олдохгүй болохоор тэр үү. Ер хүний тэмдэглэлийг унших цаанаа л ёозгүй байдаг даа. Магадгүй, би хэт шиншлээд, эргэж имрээд байсных ч биз. Ядахдаа Х.Баттулга. Завсарлаад тэг дундаас нь сөхөхөөр дахиад л Х.Баттулга тааралдах аж. Гэнэт анзаарлаа.
Хоригдсон гомдлынхоо тухай хүүрнэхдээ заавал яагаад Х.Баттулгад хаяглаад байгаа юм бол? Х.Баттулгаас болж шоронд орсон юм уу? Тэр ч байтугай “Долдугаар сарын 1-ний үймээний хар түүхийг нууцаас гаргахыг “хүссэн” нь хүртэл ҮАБЗ-ийн өнөөгийн тэргүүнд хаяглагдаагүй гэж үү. Ер нь яагаад өөрийг нь хамгийн их хэмлэдэг судлаач Д.Ганхуяг ахын тухай, УИХ-ын даргын суудлаас “Надад С.Баярыг өмөөрөх ёс зүй байхгүй” гэж мэдэгдсэн М.Энхболд, нэгэн цагт зангианых нь хавчаар шиг дагаж явдаг байсан, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ядаж л “аятайхан нөхцөлд” хориулчих сэтгэлгүй, Оюутолгойчин танхимынх нь хэлтэрхий Ц.Нямдоржийг хүртэл “хэрчилгүй” үлдээв. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүстэй муудалцахгүйгээр зорилгодоо хүрэх зарчимтай юм уу, дараагийн удаад зажлах “закуска” юм болов уу? Энэ бол түүний л тактик, стратеги гуай байх.
Ямар ч байсан түүний өсний гол бай эхлээд Х.Баттулгад, дараа нь Н.Энхбаярт чиглэсэн харагдана. Номыг гар дээрээ авсан тэр шөнө улс төр судлаач О.Чулуунбилэг найз минь уншсан юм. Гялс уншчихаад авчирч өгсөн түүнээс “Би тун завгүй байна. Улс төр судлаач мэргэжилтэйн хувьд сэтгэгдлээ хэлээч” гэхэд “Тээр дээрээс Х.Баттулгын толгой руу чичлээд, ёстой л боловсролоороо дээрэлхээд байгаа харагдана. Бусдыг нь өөрөө олоорой” гэсэн юм. Харин би юу хайсан гээч? Би С.Баярын зорилгыг л хайгаад байв.
Стратегич С.Баяр бол шоронд өнгөрүүлсэн өдрийн тэмдэглэлээ бичих, эсвэл долоохон хаусаа тайлбарлах гэж ном бичдэг мудак биш. Асуусан ч хэлэхгүй өнгөрч болох л байсан. Гэтэл олны анхаарлыг татах гэж эгэл борхон бачка болох гэж шагайн чинээ шар тос хэд хоног хэрэглэснээ, халтуурдаж хирнээсээ салж туршлагатай, цэмцгэрхэн “хулгайчууд” дунд алингаа алдаж байснаа тоочих албагүй. Ер нь том шалтгаангүйгээр ард нийтэд огт сонин биш авлига илчлэхгүйгээр зарим улстөрчийг гоочилсон шиг цаг, цаас гарздамгүй. Тэр ч байтугай арслантай торноос ч “аймаар” твийтрт ороод ирлээ. Тэр ямар мэдрэмжийг хүсэв. Миний хардлага гэвэл тэр дахиад том төсөл гардаж хийх нь. Тэгэхийн тулд Оюутолгой төслийн “эзэн” би. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэлэхийн тулд нэг ном сугавчилж орж иржээ. Түүнээс нь “Оюутолгойгоос ч том төсөл бий. Тэр төслийг хэрэгжүүлж чадах, тэгэх ёстой хүн нь зөвхөн би! гэх ганц мессежийг л амталж үнэрлэлээ. Өөр сэрэл хөдөлгөх зүйл олдсонгүй, тэр номоос.
Гэхдээ! Одоо түүнд байгаа хүч буюу “хүний нөөц”-өөс нь гадна ард олны хүрээлэл хэрэгтэй байх нь. Нийт жиргээчдийн нэг хувь ч атугай. Яагаад төсөл гэсний углуурга нь миний нууц болог. Илхэн гаргах хэсэг гэвэл ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдоод, эргүүлэн татагдаж ирээд 2018 оны гуравдугаар сарын 20-нд сэтгүүлч Г.Отгонбаяртай хийсэн ярилцлагадаа цухуйлгасан “1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж “Шивээ Овоо” дээр цахилгаан станц барих төсөл” гэж жижигхээн жишээ хаясан. Гэвч үүнээс хавьгүй том, Оюутолгойтой ч зүйрлэмгүй аугаа төсөл зарлавал би лав гайхахгүй.
Та бүхэн анзаарсан бол С.Баярын номын нээлтэд МАН-ын “томчууд”-аас нэг ч хүн байгаагүй. Харин АН-ын хэд хэдэн том фигур байсан. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нарыг Ц.Элбэгдорж нараас ч эртний “ардчиллын эцгүүд” шүү гэж хэлсэн нөхөр ам асууж ёворч л байна лээ. Гайхахад өөдөөс “Оюутолгойн анхдагчдыг хар” гэсэн юмдаг.
Энэхэн зуурт тэртээх 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкерийн “Монгол бол ардчилалд орсон анхны коммунист орон”, түүнээс хойш найман жилийн дараа яг энэ албан тушаалд ажиллаж байсан М.Олбрайтын “АНУ Монголд улс төр, эдийн засгийн туслалцаа үзүүлж байсан. Цаашид ч үргэлжлүүлнэ, итгээрэй” гэх тунхаглалууд санаанд орно. Өөрөөр хэлбэл С.Баярын дараа Ц.Элбэгдорж “Америкжсан Ардчилагч” болсныг харуулах олон сэжүүр бий.
Үе солих учраа мэдсэн улстөрчид “эргэн ирэлт” гэж андуурам үйл явдлын гэрч болоод байна. Тэдэнд андууруулах зорилго ч байж болзошгүй. Залардаг ноён нь С.Баяр, “засдаг түшмэл” нь Баабар байна гэдэг зөвхөн энэ номын хувьд биш байж ч болно. Ирээдүйн төсөл байж яагаад болохгүй гэж? Энэ талаарх таамаглалаа орхиод харахад бол С.Баяр, Баабар хоёр нэг зүйл дээр санаандгүйгээр санал нэгдсэн байдаг юм. Тэр бол “үе солих” тухай юм. Баабар “Бидний үеийнхэн явж дууссаны дараа л энэ бүх юм цэвэршинэ” гэсэн бол С.Баяр “Биологийн бус улс төрийн насны хувьд үе өөрчлөгдөж байж нийгэм урагшилна” гэсэн нь тохиолдлын давхцал боловч тун ижил санаа. Тэгэхээр С.Баярыг энэ удаад улс төрд ирж байна гэж бодмооргүй байна. Оруулъя ч гэсэн зай алга. Горьдсоны гарз. Харин эдийн засагт бол нас харгалзахгүй орж болдог онцлогтой. Стратегич хүн ч тоглолтоо хийж болох асар ашигтай тайз бол эдийн засаг. Тэгээд ч С.Баярт сонирхуулчихаар, таашаагдчихаар “үзүүлбэр” Монголд үлдсэнгүй дээ.
Энэ замд нь Х.Баттулга Ерөнхийлөгч саад болоод түүнийг “шүршив” үү гэхээр “Битгий андуур” гэж дотор хүн маань хэлээд байх юм. Тэр ч байтугай “Х.Баттулгад хонзогносон С.Баяр” гэдэг адын төөрөлдүүлэг “Тулгын захиалга” ч болзошгүй гэх хардлага ч төрлөө. Хардлага бол гүтгэлэг биш. Зөн совинг яллаж болох биш. Тиймээс ч тэдний “30 жилийн түүхтэй эр улсын харилцаа” нь хэдийнэ эдийн засгийн харилцаа болох эхлэлээ тавьсан мэт санагдана. Аль андуу санагдахыг тэр гэхэв, бурхан өршөөг!
Хил хязгааргүй хардлага тэнүүчилсээр... “С.Баяр, Х.Баттулга түнжин тасарсан” гэх сэтгэгдэл үлдээх шаардлага гарсан байвал яах вэ? Ер нь өөрөөр Сү.Батболдын, түүний фракцийн салбар бүрт давшиж буй довтолгоог хэн зогсоож чадна гэж? Яагаад гэнэт С.Батболдыг яриад унав. Тэр чинь С.Баярын хөтөлж ирсэн Ерөнхий сайд шүү дээ гэх байх. Яг үнэндээ С.Баяр боловсролтой хэрнээ танхай балмад покерчин, хүүхэнчин байсан ч Сү.Батболд шиг үндэстэн дамнасан, соёлт ертөнцийн “хууль ёсны луйварчин” биш л дээ. Сү.Батболдын энэ занг, ялангуяа өөр шиг нь Ганц худагаар шагайх ч үгүй мултарч чадсан Д.Зоригт тэр хоёрыг хараад С.Баярт эрүүгээ мултартал гайхсан байх аа. Төсөөллөөс дээгүүр ур чадвар гэж бас байх...
Одоо С.Баяр хилээр даваад Чилид загасчилж болдоггүй юмаа гэхэд хуулийн дагуу бизнес эрхэлж болно. Өөрөө биш юмаа гэхэд алсаас удирдаж чадна. Гэтэл замд нь хөндөлсөж чадах хамгийн том “дайсан” нь Сү.Батболдын фракц л харагдаж байна. Тэгэхээр үндэстэн дамнасан бизнесийг эрх мэдлээр “тэтгэхгүйн” тулд С.Баяр чадах бүхнээ хийх боломжтой. Аа, бас өөрөө ч түүнээс дутахгүй Big Boss болох хүсэлтэй. Ер нь диспитчер байсан Т.Бадамжунай алсаас удирдаад хүссэн бүхнээ авч болоод байхад Ерөнхий сайд байсан С.Баяр түүнээс дор байна гэдэг шударга бус л даа. Тиймээс Х.Баттулга, С.Баяр нарыг нэгтгэх цэг бий. Х.Баттулга боловсрол муутайгаа хүлээн зөвшөөрч Яармагийн шороотой холилдож эгэл боргил өссөнөөрөө масст таалагдаж чадаад байхад өөрсдийгөө зугаацуулж дурсамжаа мөнхжүүлэн “Битлз”-ийн хөшөөг сүндэрлүүлтлээ төрд эрхэлж яваа “дөчин мянгатынхан” яагаад зүгээр суух гэж. Тиймээс энэ удаад С.Баярын хоёр далавч нь Баабар, Э.Бат-Үүл нар харагдсан.
Одоо С.Баяр юу хийх бол гэдэг сонин байна. Тэр Х.Баттулгын төмөр замын тухай номдоо бичиж яаж бачимдахыг ямар үйлдэл гаргахыг зугаатайхан харж суулаа. Гэтэл А.Гансүх “догол мөрнөөс” амралтын өдрөөр орж ирээд, очиж очиж амралтын өдрөөр, фэйсбүүкээр төмөр замын тухай дурсамж бичив. “Ах нарт” бол “хөөрхөн” л санагдсан байх. Лав Х.Баттулга нь дуугараагүй юм даг.
С.Баярын дараагийн тоглоом юу байх бол. Нүцгэн фототой хөзрөө л хэвлүүлж тараадаггүй юм бол монголчууд түүнийг сонирхтол удах бололтой. Тэгвэл улс төрийн хатуухан тоглоом бодож олохоос аргагүй. Дутуудуулсанаас огт хийгээгүй нь дээр гэдэг байх аа...
Түүний номын сүүлчийн хуудаснаас харахад бол 2008-2009 оны шинэ жилийн үдэж Жалханз хутагтаас хойшхи нутгаасаа төрсөн Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо, “Даваадоржийн талбайд” ард олноороо хүрээлүүлсэн цуглаан дээр гараараа даллан баяртай зогсч харагдана. Шоронгоор эхэлсэн ном ингэж төгсөхийг бодоход бодит байдал дээр төгсгөл тун ч сонирхолтой байх нь лавтай.
Дахин сануулахад энэ бүхэн зөвхөн номоос үүдсэн сэтггэгдэл. С.Баярын “эс” зовлонгийн тухай төсөөлөл...Автор нь С.Баяр боловч ард нь Тулга байсан бол яах вэ гэсэн хардлага төдий юм.
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (4)