УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр завсарлаж, ирэх сарын 9 хүртэл 21 хоногийн завсарлага авлаа. Ээлжит бус чуулганыг завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх саналын төсөлтэй холбоотой. Завсарлагааны хугацаанд дэд ажлын хэсгүүд хуралдаж, өмнө өргөн баригдаад хэлэлцүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгтгэх ажлыг хийх юм байна. Гэхдээ мэдээж бүгдийг нь биш.
Тухайлбал, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах чиглэлд хийгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс тэс эсрэг санал оруулсных нь төлөө судлаачид, мэргэжлийнхний зүгээс Ерөнхийлөгчийг хүчтэй эсэргүүцэж эхлээд байна. Харин улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бодолтой, алгуур, айвуу тайвуу хандаж буй бололтой. Хэрэв тийм биш бол хуулийн төсөлд санал авах хуулийн хугацаа нь нэгэнт өнгөрчихсөн, төслийн хэлэлцүүлг яваад эхэлчихсэн үед тэгж ажил удах ч шаардлагагүй юм, үнэндээ.
Ерөнхийлөгчийн өгсөн саналын төслөөс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал парламентаас хамгийн их дэмжлэг авч мэдэхээр байна. Бас олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж байна. Гэвч “нийгмийнхээ сэтгэлзүйд хөтлөгдөж Үндсэн хуулиа өөрчилдөггүй” гэж Я.Содбаатар гишүүний үг ч бас үнэний хувьтай. Төслийн эх баригч, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан жишээ нь “Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт олон нийтийн дэмжлэг авч чадахгүй. 76 хулгайч, хумслагч гэж үзэн ядаж байгаа энэ үед яаж нэмэгдүүлнэ гэж ярих юм бэ” хэмээн ярьсан билээ.
Мэдээж энэ нь болгоомжлох зүйл мөн боловч ч зөвхөн үүнээс шалтгаалан асуудлыг хааж болохгүй. Харин нэмэгдүүлэх шаардлагатай шалтгаанаа олон нийтэд үнэн зөв, үндэслэл бүхийгээр тайлбарлан таниулах нь хууль тогтоогчдын ажил.
Ер нь бол манайх шиг жижиг парламенттай улс орон дэлхийд цөөн байх. Хамгийн багадаа л 100-гаас дээш гишүүдтэй байдаг. Энэ нь тэдний ард байгаа сонгогчийн төлөөлөлтэй холбоотой. Шинэ Үндсэн хуулийг баталж байх үед нэг гишүүний ард 15000 сонгогч байхаар тооцож энэ 76 гэдэг тоог гаргаж ирсэн юм билээ. Тэр үед Монголын хүн ам хоёр сая байсан. Одоо гурван сая давчихаад байгаа гэж үзвэл гишүүдийн тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Мөн парламент мэргэшсэн, чадвартай байхын тулд мэргэжлийн байнгын хороодод нэгдэж байгаа гишүүдийн тоо олон, давхцалгүй байх ёстой гэж үзэх нь ч бий. Ерө нь бол цөөн гишүүнтэй, жижиг парламентад нэг гишүүн 2-3 байнгын хороонд зэрэг харьяалагдаад явчихаар мэргэших байдал бүрэн алдагддаг. Харин гишүүн нэг бүрийн ард тавигддаг төсвийн хэмжээ бол хоёрдугаар асуудал.
УИХ-ын гишүүний жилийн төсөв ойролцоогоор 500 орчим сая төгрөг байдаг байх. Гишүүний болон ажлын албаны (туслах, зөвлөх) цалин, утасны төлбөр, шатахууны зардал, хэвлэл захиалга, дотоод, гадаад томилолт бүгд ороод. Тэгэхээр энэ бол тийм ч өндөр тоо биш. Энэ багцаагаар тооцож үзвэл 100 гишүүнтэй байхад 50 тэрбумын төсөв л хэрэглэх юм байна. Гэтэл манай ЖДҮ гишүүдийн ЖДҮХС-гаас “хуссан” мөнгө үүнээс хол давсан шүү дээ. Тэгэхээр мөнгөний дүн биш, зарцуулалт нь чухал аа гэсэн үг.
Товчхондоо УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлснээр парламентын чадавх л сайжрах юм. Гишүүн нэг бүрийн өгөх саналын нийт саналд эзлэх хувь багассанаар олонхийн ардчилал нэмэгдэж, цөөнхийн дарангуйлал багасна аа л гэсэн үг. Шийдвэр гаргахад оролцож байгаа хүний тоо нэмэгдэх тусам алдаа гаргах магадлал багасдаг. Гэтэл 76 гишүүнтэй одоогийн парламент 39 гишүүнээр ирц бүрдүүлээд, 20 хүний саналаар шийдвэр гаргачихаж байна шүү дээ. Байнгын хороон дээр гэхэд 20 гишүүний 11-ээр ирц бүрдүүлээд зургаан хүний саналаар хуулийн төслийг дэмжээд явуулж байна. Харин тэр зургаан хүн нь дэмжиж байгаа хуулийнхаа талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй вэ гэдэг дахиад асуудал. Ихэнхдээ намын бүлэг дээр гарсан шийдвэрээ бариад явчихдаг.
Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь УИХ-ын гишүүдэд гэхээсээ тэднийг сонгож байгаа сонгогчдод, эрх ашгаа тулгаж байгаа иргэдэд илүү хамаатай асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлт хамгийн багадаа 20-30 жилийн настай гэж үзвэл энэ удаагийн өөрчлөлтөөс хойш дахиад 20-30 жил хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй болно. Тиймээс олон нийт дэмждэг ч бай, үгүй ч бай ядахдаа парламентынхаа түвшинд энэ тал дээр нэгдсэн байр сууртай байж, нийгэмд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
Б.СЭМҮҮН