Эхнийх нь төрийн янз бүрийн лиценз, зохицуулалтаас үүсдэг Рент (rent-seeking) гэх үзэгдэл. Рент нь эдийн засагт бодит зардлаас давсан хэт өндөр ашиг олохыг хэлдэг бөгөөд энэ бол байгалийн баялагтай орнуудын нийтлэг зовлон. Энгийн үгээр хэлвэл зовлон багатайгаар өндөр ашиг олохыг рент гэж болно. Төрийн эрх мэдлээ ашиглаж зовлон багатайгаар бизнес хийх сонирхолтой бүлгийг “rent-seekers” гэнэ.
Удаах үзэгдлийг клиентелизм (clientelism) гэдэг. Клиентелизм гэдэг нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй бөгөөд бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарах, дараа нь эрх мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг хэлдэг. Монголд ил тод болж буй 60 тэрбумын гэх, ЖДҮ зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан зэрэг хэргүүд клиентелизм манайд өргөн дэлгэр цэцэглэн хөгжиж ирсний бодит баталгаа юм. Энэ үзэгдэлд бас Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны зээл, концессийн гэрээнүүд зэрэг урт жагсаалт хамрагдана. Товчхондоо манай өнөөгийн улс төрийн орчныг клиентелист улс төр гэж тодорхойлж болно.
Залуу ардчиллын зовлон
Клиентелизм мэдээж шинэ зүйл биш. 19-р зууны АНУ-д ч сонгуулиар ялсан нам нь нийтийн албыг худалдан хуваадаг клиентелизмийн зуршил тогтоод байлаа. Нэгэнт амласан албан тушаалдаа томилоогүй гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жеймс Гарфийлдийн амийг хүртэл хороосон байдаг. Энэ хэрэг явдал мерит зарчимд суурилсан Төрийн албаны тухай хууль батлахад хүргэж улс төрийн наймаанаас нийтийн албаа хамгаалах болжээ. Мөн Австрид 20-р зуунд орон нутгийн цэцэрлэг, сургуулийн удирдлагуудаас эхлээд төрийн албан тушаалыг хоёр нам нь хувааж авдаг “Пропорц” гэх систем дэлгэрсэн байлаа. Эдгээр түүхэн жишээ нь клиентелизм өнөөгийн ардчилсан хөгжингүй орнуудад ч тодорхой цаг үед оршиж байсныг харуулж байна.
Манай орны хувьд дээрх хоёр бүлгийн үзэгдлүүд сүүлийн 30 жилийн нийтийн засаглалын сул дорой байдлын суурь шалтгаан, бодит гацаа нь юм. Улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтийн санаа бодлыг хэлбэршүүлж, хүсэл зоригийг илүү зохион байгуулалттайгаар илэрхийлэх үүрэгтэй сувгууд юм. Гэвч өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь улс төрийн өндөр албан тушаалтнуудын өмч болжээ. Харин улс төрийн намууд нь нийтийн санаа бодлыг төлөвшүүлэхэд оролцохын оронд клиентелизмийг хэрэгжүүлдэг бүтэц болж хувирав. Харин ийм нөхцөл байдалд нийтийн засаглалыг эрүүл байлгах чөлөөт талбар бол иргэний нийгэм юм.
Ардчиллын суурь багана
Францын улс төр судлаач Алекси дө Токвиль Америк дахь ардчилал бүтээлдээ иргэний нийгмийг хамгийн энгийнээр “Ардчиллыг байгуулахад иргэний нийгэм зайлшгүй урьдач нөхцөл болох бөгөөд ямарваа нэг асуудал тулгарахад хүмүүс сайн дураараа нэгдэж мэдлэг, мэдээлэл, цаг заваа хуваалцан шийдэл олдог нийгмийг хэлнэ” гэжээ. Харин орчин үеийн ойлголтоор бол иргэний нийгэм нь үндсэн гурван эрхийг хэрэгжүүлэгч төрөөс хараат бус, чөлөөт талбар юм. Энэ гурав нь эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх явдал юм.
Бид шинэ нийгэмд шилжихдээ иргэний нийгмийн суурь эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Харин иргэний нийгмийн гол төлөөлөл болох төрийн бус байгууллагуудын тусгайлсан хуулийг 1997 онд баталсан. Энэ цаг үеэс хойш өнөөдөр 20 мянга гаруй төрийн бус байгууллага бий болсон нь иргэд эвсэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй эдлэж байгааг харуулна. Хэдий иргэний нийгмийн үндсэн байгууллагуудын тоо ихэссэн ч чанар, төлөвшлийн асуудал нь эргэлзээтэй хэвээр.
Өнөөдрөөс 15 жилийн өмнө дэлхийн иргэний нийгмийн эвсэл (CIVICUS) монгол дахь иргэний нийгмийн хөгжил, төлөвшилд анх удаа үнэлэлт, дүгнэлт өгч байв. Тус тайланд монголын иргэний нийгэм төр засагтаа хариуцлага хүлээлгэх, төрийн бодлогод нөлөөлөх чадамж харьцангуй доогуур, сул гэж дүгнэж байсан. Бодит баримт, нотолгоотой авлигын хэргүүд илэрсэн ч ямар нэг хариуцлага хүлээлгэх түвшинд хүрээгүй байна. Нийтийн засаглалд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө одоо ч хангалттай хэмжээнд төлөвшөөгүй байгаа.
Эмзэг цэг
Ардчиллаас өмнө иргэний нийгмийн хөрс суурь бүрдээгүй манайхтай адил шилжилт хийсэн зарим пост-коммунист орнуудад нийгэм, улс төрийн ижил төсөөтэй үйл явдлууд өрнөж байна. 1990 оноос өмнө эдгээр орнуудын түүхийн тодорхой хэсгийг тоталитар дэглэм тодорхойлж байв. Тоталитар дэглэм бол юуны өмнө иргэний нийгмийг устгадаг. Ийм ч учраас тоталитар дэглэмээс ардчилалд шилжиж буй орнуудад иргэний нийгмийн суурь хөрс байхгүй байлаа.
Улс төр судлаач Михаль Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” бүтээлдээ харуулсан Чех орны сүүлийн 25 жилийн клиентелизмийн тогтолцоо, улс төрийн намуудын хямралын дүр зураг нь Монголтой тун төсөөтэй харагдаж байна. Чехийн нийгэм, улс төрийн орчинд буй иргэний нийгмийн хоосон орон зай нь энэ улсын ардчилсан шилжилтийн хамгийн эмзэг цэг нь болоод байна гэж тэр дүгнэжээ.
Гэвч энэ нөхцөл байдалтай зэрэгцээд дөнгөж бүрэлдэн тогтож эхэлсэн иргэний нийгмийн багавтар орон зайг дээрээс нь хязгаарлах оролдлого ардчилалд шилжсэн орнуудаас хамгийн тогтвортойд тооцогдож байсан Зүүн Европд хүчтэй өрнөж байна.
Евро бүсийн дүрвэгсдийн хямрал, эрх баригчдынхаа авлига хээл хахуулийн хэргүүдэд туйлдсан Зүүн Европын орнуудад баруун, зүүн төвийн радикал намууд Засгийн эрхэнд гарах боллоо. Улмаар хараат бус шүүхийн эрх мэдэл, иргэний нийгмийн орон зайг булаах үйлдлүүд гарсаар байна.
Ардчилсан шилжилтийн 30 жилийг авлига, түүнд хамаарах үзэгдлүүд тодорхойлсон бол дараагийн гурван арваныг нийгэм, улс төрөө хэрхэн бүрдүүлэх нь иргэний нийгмээс ихээхэн шалтгаалах юм аа. Нийтийн засаглалын хямралаас гарч, засч тохинуулах буюу клиентелист тогтолцооноос салах түлхүүр нь хүчтэй иргэний нийгэм юм.
Эцэст нь Михаль Климагийн хэлснээр “Хэрэв иргэний нийгэм нь өөрийн орлуулшгүй үүргээ гүйцэтгэж чадахгүй юм бол тухайн оронд зөвхөн нэр төдий клиентелист ардчилал, эсвэл бүр авторитар дэглэм л бүрдэх болно”.
Д.Жаргалсайхан 2019.07.10