Олонд “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор оролцсон, маршал Чойбалсангийн дэргэд алба хашсан гэдгээр монголчуудад танигдсан Монгол Улсын Баатар цолтон энэ буурлын тухай би гэгээн дурсамжтай явдаг хүн. Зуун дамжиж амьдраад 101 насыг наслаад гял цал, эрүүл саруул, ухаан саруул, нэн баялаг түүхтэйгээр хорвоогоос явж байгаа хүн тун цөөхөн дөө.
Тэр буянтныг өнгөрөгч Даваа гаригт буюу 7 дугаар сарын 8-нд сүүлчийн замд нь үдсэн. ГХЯ-наас ёс төртэй үдэж гаргасан. Хөдөөлүүлээд хэдхэн хонож байгаа ч би энд хэргээр оруулмаар санагдлаа. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэмээр санагдлаа. Миний бүтээл, сайт, номыг уншдаг, сонирхдог нийт монголчууд мэдэж аваг гэж шийдлээ!
Үндэснийхээ их баяр наадмын энэ өдрүүдэд монголын залуу үеийнхэн түүхээрээ бахархаг, тэр бахархлын биет үлгэр жишээ нь миний нийтлэлийн энэ баатар болог гэж шийдлээ!
Халхын голын дайны 80 жилийн ой зун-намар тохиох учраас угтуулаад энэ нийтлэлээ тавьж байна гээд уншигчид минь бас ойлгоopoй!
1939 оны хавар хувь заяаны төөрөг, эх орны даалгавраар дорнод хязгаарыг зорьж, дайны фронтод гарамгай сайн байлдсан гэдэг гавьяагаараа 21-хэн настай идэр залуу Маршалын дэргэд шилэгдэн очиж, II дайны үеийн хүнд хүчрийг нугалалцсан түүхээр түүний ажил амьдралын хуудас эхэлдэг билээ. Түүх бүтээлцсэн түүхэн хүн гэдгээр нь би хэлж байна.
Тэрээр өөрөө дурсан ярьснаар Маршалыг шалж гуйсаар СССР-т дээд сургуульд эрдэм өвөртлөн ирэхээр мордож, тэгэх тэгэхдээ олон улсын харилцаа хэмээх онц чухал, ховор мэргэжлийг эзэмшсэн анхдагчийн нэг байсан билээ.
Энэ буянтай буурлын туулсан зам өнөөгийн монголчуудад, тэр дундаа сэхээтнүүдэд зүүд зэрэглээ шиг санагдана, би бүр мэдэж мэдэрч байна. Өөрөө ч тэр түүхээрээ бахдаж бардаж явснаа нуудаггүй. Хойно МГИМО гэх их сургуулийг дүүргэж ирээд ГЯЯ-нд ёслолын албаны дэд дарга хийсэн үү, үгүй юү, юу юугүй л шууд Элчин сайдаар томилогдож байжээ.
Эхлээд БНАСАУ, дараа нь Энэтэгт (анхны суурин байнгын Элчин сайд), Нью Делигээс дуудагдаж ирээд ГЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч, Сайд, дараа нь МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, тэндээсээ томилолт өвөртлөөд Унгар, БНАГУ, Югослав, Афганистан, БНХАУ-д Элчин сайд (хавсран суусан улс гэвэл Бирм, Австри, Швейцарь, Грек, Кипр гээд нийлээд 10-аас давна), 15 жилийн дараа эх орондоо эргэж ирээд нэг хэсэг завсарлаад ГЯЯ-ндаа Намын хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, 70 насыг давж байж тэтгэвэртээ суусан, тэгэх тусмаа нэг томилолт өвөртлөөд хилийн дээс алхахдаа Евразийн 5 улсад дараалан томилогдсон гэдэг нь манай дипломатчдын ярих нэг сэдэв болдог юм. Гавьяа шагнал гэж тоочиж барахгүй. Монгол Улсын Баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,ахмад дайчин, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Хүндэт дипломатч гэх мэт.
Монголдоо анхны “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолтнуудын нэг. Дайны цол, одон тэмдэг насан эцэс хүртэл нь Төрөөс хүртсэн. Одоогоос 5 жилийн тэртээ Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойгоор Улсын Баатар цол шагнуулсан. Өмнө нь тэр гавьяагаараа Сүхбаатарын одон хүртсэн. Монгол Улсын өнөө цагийн түүхэнд армийнхнаас Улсын Баатар хоёр байгаагийн нэг нь тэрээр байлаа.
Энд би хэргээр онцлох ямар шаардлага тулгарав гэдэгтээ хэдэн тайлбар хэлье. Намайг өдий дайтай явахад сэтгэл харамгүй тусалсан, зүг чигээ олоход минь нөлөөлсөн, тэгж тусалснаа ч төдий л мэдрэхгүй явсан, яваа өдий төдий хүмүүс байдгийн нэг нь Пунцагийн Шагдарсүрэн сайд билээ. Миний амьдралын тойрог гадаад харилцааны гольдрил руу ороход энэ буянтай буурлын маань үзүүлсэн нөлөө маш их тус болсныг энд би бахархан дурдмаар байна.
Тийм буянтнууд хэний ч амьдралд олон тохиолддог доо. Тэдэнд, эсвэл тэдний үр садад мялаалгын үгсээ сэтгэл харамгүй үлдээх нь хүний ёсон учраас би энд хэргээр түүний охин Ш.Туяа багш (МУИС-ийн ОУХДС-д надтай хамт ажиллаж байсан, герман судлаач, ахмад багш-сурган хүмүүжүүлэгч), түүний охин, хүү, сайдын хүү Тэгшээ нарт юуны өмнө талархлаа илэрхийлэх гэсэн юм. Бас Шагдарсүрэн агсны төрөл төрөгсдөд мялаалгын энэ үгс хамаатай. Та бүхнийхээ өмнө тэргүүнээ мэхийн ёслоё.
Одоогоос 35 жилийн өмнө би Бээжин дэх Элчин сайдын яаманд дадлагын ажилтнаар анхлан томилогдож, дипломат албаны зах зухаас танилцаж билээ. БНХАУ-д суугаа ЭСЯ-нд дадлагажигч хэрэгтэй болсон юм гэнэ гээд над дээр сонголт буусан нь тэр байв. Техник ажилтнаар алба залгуулангаа хятад хэл-судлалын мэдлэгээ дээшлүүлэх хэсэг залуусыг тодруулж гурав гурваар нь нэг баг болгоод МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн баталж явуулдаг байж билээ. Тэр сонголтод би багтаж 1984 оны намар Бээжинг зорьсон доо.
БНХАУ-ын 35 жилийн нижгэр ойн баярын дараахан Бээжин дэх ЭСЯ-нд томилогдон очоод жил гаран суухдаа П.Шагдарсүрэн хэмээх их хүний удирдлагад ажиллах завшаан тохиож билээ. Тэр үедээ л Монголын төрд Гадаад хэргийн сайдаарзүтгэж явсан, яруу алдрын их зам туулсан түүхэн, буянтай буурал байсан даа. Түүний дэргэд зөвлөхөөр нь Г.Бэхбат гэж бас нэг тулхтай ахмад ажиллаж, тэр хоёроос дипломатын гал тогооны нарийн ширийнийг залуус бид сурч судалж явлаа. Тэр хоёр маань намайг шууд халамжлан хүмүүжүүлээд байгаагүй ч цаагуураа миний оюун санаанд ихээхэн нөлөө үзүүлж, хүсэл эрмэлзэлийг маань хурцалж өгсөн гэж би үздэг. Шагдарсүрэн гуай бид хоёр саяхан болтол дотно холбоотой байж, битүүний “Амьдралын хувь төөрөг” номыг хянан ариусгах хувь тохиосноо ихэд олзуурхдаг юм аа.
Тэр ном бүтсэн түүхийг энд хүүрнэе. 2008 оны хавар цаг, Египетэд Элчин сайдаар томилогдоод ГХЯ-ны ажил албаа эрхэм нөхөр Ц.Болортоо хүлээлгэн өгөөд гэр рүүгээ гарч явахаар бэлтгэж байтал хаалга тогшоод Шагдарсүрэн сайд маань гэнэт ороод ирлээ. Уутанд зузаан хавтас хийгээд барьчихаж, мэнд усаа мэдэлцсэний дараа юу юугүй алд цэнхэр хадаг гаргаад дугтуйтай бичгийн хамт надад барилаа.
Хэлж байнаа:–Миний дүү, миний хүү, чи ийм зэрэгт хүрсэнд баярлаж байна, чи надад шалдаг зөвлөдөг байсан, чиний зөвлөснөөр дурсамжаа биччихлээ, энэ байна, аваад Каир руугаа яв, очоод нээж үзээд уншаад, засаад, хасаад, нэмээд, чи ямар мэдэхгүй биш, миний мартсаныг нэмж оруулаад өөрийн ном шиг болгоод аль, 90 насныхаа ойгоор дурсамжаа гаргая гэдэг байна шүү. Дугтуйнд төгрөг, доллар оролцуулаад чамгүй мөнгө хийчихэж. Би авахгүй, юу гэсэн үг вэ энэ тэр гэсэн чинь ав ав гээд тулгаад “Гол нь миний ном чухал шүү, хүү минь, чи минь хичээгээрэй” гэж байна, үнсэж байна. Тэр зузаан хавтас дотор шивсэн, гараар зассан, оруулга хийсэн маш их цаас байна. Сүрдмээр халширмаар. Харин ямар азаар цаад бичсэн шивсэн бүсгүй өгсөн юм, энэ дотор энэ ном байгаа гэсэн гээд флоппи диск надад өглөө. Бид ингэж номын садан болцгоов.
Түүний хэлсэн үнэн л дээ. Дипломат албаны 90 жилийн ойгоор 2001 онд Гадаад хэргийн сайдын даалгавраар тэдний гэрт зочилж түүх хүүрнэж видео бичлэг хийж суухдаа Дипломат албанд ажилласан тухай дурсамжаа ном болгон бичихийг би ихээхэн шургуу шаардаж, бас хүлээсээр байснаа 2008 онд нэхэн саналаа.
П.Шагдарсүрэн сайдын “Амьдралын хувь төөрөг” гэх тэр номыг хянан нягталж суухдаа авууштай, бусдад үлгэр дууриал болохуйц давуу талыг нь тун олзуурхмаар санагдаж байж билээ. Юу гэвэл П.Шагдарсүрэн гуайн бичгийн хэлний их чадвар, эх хэлээрээ тийм оновчтой, уран, алдаа мадаггүй бичнэ гэдэг, тэр логик гаргалгаа, түүхээ санаж мэдэж байгаа, түүнийгээ илэрхийлж байгаа гэдэг тэр цагт ховорхон учрал (90 настан шүү дээ гэдгийг дахин тэмдэглэж байв!) мэт надад санагдаж, тэр хэрээрээ би шуурхай, гэхдээ бүр ч бүтээлчээр, урамтайгаар хандсан гээч. “Хүн хөгширдөггүй юм байна, тэр бол зөвхөн санааных гэж би баттай ойлгодог болсон шүү” гэх миний үгс тэр үед нэгийг хэлсэн байх.
Шагдарсүрэнсайд маань надад зориулж талархал мялаалгын үгсээ харамгүй өгсөн. Түүний бичсэн нь:– Юу ны өмнө шинэхэн томилолт аваад алс газар одсон ч тэр их ажлынхаа хажуугаар миний номыг богино хугацаанд шуурхай, сэтгэлээсээ хянан ариусгаж, нэмж баяжуулан, цахим шуудангаар ирүүлсэн Д.Баярхүүдээ маш их талархаж байна. Тэрээр зөвхөн редактор төдийгүй номын дизайны анхны эхийг гаргаж үнэхээр бүтээлчээр хандлаа. Д.Баярхүү минь ингэж сэтгэл гаргаагүйсэн бол ном маань сонирхолтой, уншууртай болох байсан уу, үгүй юу, бүү мэд. Гэхдээ уншууртай эсэхийн эцсийн шалгуур нь өргөн олон уншигчид Та нармаань билээ гэжээ.
П.Шагдарсүрэн гуай бол Монголын түүхийн болоод дипломат албаны амьд түүх, амьд архив, бидэнд мөн ч их зүйлийг ярьж бичиж үлдээсэн дээ. Сайдын гэргий Д.Нямаа эгч бол “Монголкино” үйлдвэрт аавтай минь ажиллаж байсан, хуучин танил дотно хүн байсны хэрээр Бээжинд би тэдний гэр бүлийн дотно хүний нэг байсансан.
Гэх мэт гэгээн дурсамж мялаалгын үгс бичиж үл барам, ямар ч гэсэн дипломат алба руу мөрөө гаргахад минь чиглүүлж өгсөн ачтан гэдгээр түр завсарлая.
2018 он миний хувьд уран бүтээлийн жил байсан. “Төрийн захиргаа” сэтгүүлийн эрхлэгч Ш.Батсүх доктортой хамтран нэрт дипломатч Н.Лхамсүрэн, С.Аварзэд, Д.Эрдэмбилэг нарын тухай тусгай дугаар бэлтгэж уншигчдын хүртээл болгосон шигээ П.Шагдарсүрэн сайдын тухай тусгай дугаар бэлтгэж гаргахаар төлөвлөж байна. Тэрээр эх оронч хэмээх сайд С.Аварзэдээс ажил албыг нь өвлөж авсан гэдгээрээ бичигдэх болно.