Бурхан багш хүмүүст нэг эвгүй зан чанар байдгийг сэжиглэсэн. Тэр нь хүн өөртөө болон өөрийн хайртай бүхэнд сайныг хүсэх, үйлдэх атлаа бусад хүнд бол ичихгүй мууг хүсэж, хийж чаддаг зан чанар юм. Энэ зан чанар нь ертөнцийг зовлонгоор дүүргэх нэг шалтгаан болдог. Тэгээд Будда ертөнцийг зовлонгоос салгах ёс суртахууны тухай томъёолохдоо "Өөртөө хүсэхгүй муу үйлийг бусдад битгий хүсэж бай!" хэмээсэн аж.
Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй ёс суртахуун гээчийг үүнээс илүү тодорхой болоод ойлгомжтой томъёолох аргагүй. Түүнээс хойш 2300 гаруй жилийн дараа амьдарч байсан Кант моралийн хуулиа мөн л иймэрхүү хэлбэрээр томъёолсон билээ.
Харамсалтай нь "...атгаг муу санаа өвөрлөж, шунал тачаалд автсан..." хүмүүс, Бурхан багш анхааруулсаар атал, түүний сургаалийг оюун ухаандаа бус мухар сүсэгтээ хүлээн авч ашигласан юм. Ийн олон хүн Бурхан багшаас элдэв ид шид гуйн мөргөх хэрнээ босоод л сургаалийг нь умартаж "араар нь тавьдаг" болсон билээ.
Бурхан багш өөрийг ямагт араар нь тавьж бусдад мууг хүсэгчдийг зан чанарынх нь хувьд дөрвөн зэрэгт хувааж, хоёрдугаарт бусдыг зовоож байдаг, гуравдугаарт өөрөө зовж, бусдыг зовоож байдаг хүмүүсийг тус тус оруулжээ. Хожим нь Эрих Фромм ийм хүмүүсийг "эвдэн сүйтгэгч бие хүн", "садист хүн" хэмээх хоёр бүлэгт хуваасан юм.
Бурхан багшийн заасан хоёрдугаар, гуравдугаар зэргийн хүмүүс манайд ямар их байдгийг бид фэйсбүүк мэтийн сошиал сүлжээ рүү ороод маш тодорхой харж болно.
Тэнд хоррорын ертөнц цогцлоосон буй. Тэр ертөнц хүнийг дайсагнах садист дур тачаалд дэмийрсэн хийтэй комментчид болон троллуудаар пиг дүүрсэн байгаа. Тэд; хууль мууль гэхгүйгээр "толгойг нь тасдах хэрэгтэй!", "цаазлах хэрэгтэй!", "Бууд!"," Ал!", "Хорь!", "Шоронд хий!"хэмээн орь дуу тавьцгаадаг.
Хүчирхийллээр шударга ёс тогтоох юм гэнэ. 40 мянган монголчуудыг хядсан ногоон малгайтнуудын зөв байсан юм л гэнэ. "Одоо, өөдгүй 200 хүний толгойг тасдаж аваад монголчууд тойрон бүжиг хийвэл шударга ёс тогтоно!" хэмээн Гантулга шизоороход шууд л хоёрдугаар, гуравдугаар зэргийнхний дунд "од" болж байна!
Хоёрдугаар, гуравдугаар зэргийн хүмүүсийн ой гутмаар муухай зан чанар бол хүсээд байгаа хүчирхийлэл, зовлон өөртэй нь учрах цагт мөн ч ичгүүргүйгээр өөртөө хүнлэг сайн хандахыг хүсдэг. Хууль ёсыг нэхээд л, дүрэм журам шаардаад л, энэрэнгүй ёсыг номлоод л. Жишээ нь, Гантулга гээчийн "толгойг хуульгүй тасдах" гэвэл тэр нөхөр шууд л хууль ёс, дүрэм журам нэхсэн номтой сэхээтэн болоод л хувирчихна.
Нэг хэсэг нь бүр шалчийж "нус нулимсандаа хутгалдан" гомдоллоно, нүд хальтрам муухайгаар арчаагаа алддаг юм. Чацгаа цувуулах нь цөөнгүй. Ийм нэгэн болсон явдлын тухай миний бичсэнийг уншигчид санаж байгаа байх.
Сэтгэл зүйчид, мууд дурлан хүн зовоогчид яагаад өөрийнхөө ээлжинд тун арчаагүй байдгийн шалтгааныг судалдаг. Одоогоор, айдсын комплекс, хүчирхийлэл хоёр нягт холбоотойг тогтоогоод байгаа.
Бага хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөн байнгын айдаст автаж явсан хүн томормогцоо хүчирхийлэгч болдог байна. Аймхай хүн гаарахаараа араатан мэт болдог. Нүүрээ нуусан аймхай хүн гаргуун террорист болдог. Аймхай олон хүн нийлэхээрээ догшин хэрцгий хүчирхийлэгчид болдог. Өрсөлдөгчөөсөө айсан эрх мэдлийн хэнээтэн хүчирхийлэгч болдог. Араа бодсон айдастай хүн хүчирхийлэгч болдог байна.
Гэх мэтээр хүчирхийлэл бол нэг ёсондоо "айдсын хонзон" ажээ. Нээрээ л манай дөчин мянгатад "Аймхай атаман бацаан зодомтгой" гэдэг онч үг байсан юм даг.
Аймхай хүн аймхай л байдаг. Тэгээд, хүчирхийлэл гай таарч өөр дээр нь бууж ирэхэд арчаагаа алдахаас өөр аргагүй. Чацгаа цувуулахаас аргагүй. Хоёрдугаар, гуравдугаар зэргийн хүмүүс өөрийнхөө ээлжинд арчаагаа алддагийн сэтгэл зүйн үндэс ийм бөлгөө.
Дарангуйлал бол хүчирхийлэгчдийн засаглал. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл айдастай хүмүүсийн засаглал. Үнэхээр тийм байдаг. Жишээ нь нээлттэй байдлаас ухаан алдталаа айдаг шүү дээ.
Дарангуйлалд "айсан хүн, хүн ална" хэмээх "айдсын хууль" үйлчилнэ. Айдсын хуулийн дагуу хэчнээн айна төдий чинээ хүчирхийлэл нэмэгдэнэ.
Дарангуйлал бол Бурхан багшийн сэжиглэж заасан хоёрдугаар, гуравдугаар хүмүүсийн засаглал билээ. Дарангуйлал тогтоох гэж байгаа этгээд тэднийг ашигладаг учраас ийм байдаг. Моралийн хуультай хүн дарангуйлагчийн гар хөл болдоггүй учраас ийм байдаг.
Өдгөө манай сошиал сүлжээг дүүргээд бусдад мууг дуудан хашхичиж буй хоёрдугаар, гуравдугаар зэргийн хүмүүс, удирдагч нь дуудахын цагт бүгд вампир аятай, интернэт ертөнцөөсөө сугаран гарч ирээд, эрх дархтан болцгоон хүчирхийлэл үйлдэх цаг ойрхон байна! Эхний баг нь гарч ирээд ажлаа эхлүүлжээ!
Э.Бат-үүл /baabar.mn/
Сэтгэгдэл (1)