Энд хот орон нутгийн удирдлагыг шууд сонгож, ИТХ-ын барьцаа, депутатуудын шантаажаас чөлөөлөх, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өөрийнхөөрөө ажиллах, хийе гэснээ хийх боломж олгох гэхчлэнгийн өнөөдөр үгүйлэгдсэн боломжууд яригдаж байгаа юм байна. 

Энэ дашрамд дурьдахад “Хуулийг үл хүндэтгэх хандлага, шүүхийн “хараат байдал” зэрэг нь манай Үндсэн хуулийн доголдол гэхээсээ илүү нийт үндэстний “Хуулийг үзэх үзэл” (Ертөнцийг үзэх үзэл гэдэг шиг)-тэй их төлөв холбогддох шиг санагддаг. Тиймээс ч “хуучин хандлага хэвээрээ байх юм бол ямар ч сайн хууль тус болохгүй” гэсэн байр суурьтай хэсэг ч бас байна. Тэдний үзэж байгаагаар бараг л “Хууль биелүүлэх тухай хууль” гаргаж мөрдвөл дээр юм шиг.

Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.

Монголчууд угаасаа толгой толгойгоо даан “бэлчиж явах” амбицтай учраас нийтээр хатуу дагаж мөрддөг хуулиас болгоомжилдог, түүнээс болоод хэн нэгнийгээ үүрд толгой дээрээ залчихаас айдаг ч байж магадгүй. Төрөлхийн энэ зөн совин нь өнөөгийн манайд байгаа, засаглалыг хүчгүйдүүлдэг, хуулийг сулруулдаг хандлага, сонирхлыг өдөөдөг ч байж мэднэ.

Манжийн вассал байх үеийн Гадаад монголыгөнөөгийн нүдээр харвал бас л сонин, Чин гүрний дотоод хууль үйлчлэхгүй,энэ нутагт монгол хүн хэрэг хийвэл нэг янзаар, хятад хүн зөрчил гаргавал өөр дүрмээр шийтгэнэ. Төрүүлсэн ойлголт нь: “Хүнээсээ хамаараад үйлчлэх хууль нь ондоо байна”

Дараа нь Зөвлөлтийн сателлит БНМАУ-д Үндсэн хууль гэж байв ч, Москвагийн заавар, Намын төв хорооны шийдвэр түүнийг давамгайлна. Мораль нь: “Хууль ч яахав дээ, гол нь намын төв хороо юу гэж үзэж байгаагаас хамаарна”

Сүм хийдээ нурааж, шашингүй нийгмийг байгуулсан, улсын ажилчин албан хаагчид (Улсынхаас өөр ажил алба байхгүй) шашингүй байх дүрэмтэй БНМАУ-ын Үндсэн хуульд “ иргэд шашин шүтэх эрхтэй” гэсэн заалт байсан юм шүү.

Харин чи Үндсэн хуулиа бариад шашин шүтнэ гэж зүтгэвэл бүхий л ажил албанаасаа хагацаж, үндсэн хуулийнхэвлэлттэй л үлдэнэ. Эндээс үлдсэн сургамж нь: “Үндсэн хууль бол яахав дээ, юм юм л бичсэн байдаг. Тэнд хэрэгжүүлэх гэвэл аюулд орох зүйлс ч бий”

Сонирхуулж хэлэхэд, өдгөө Үндсэн хуулийн шинэчлэлийн ажлыг гардаж байгаа улс төрчийн нэг Д.Лундаажанцан багш маань намайг оюутан байхад МУИС-ын Нийгмийн ухааны факультетийн Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн хороон дарга байв. МХЗЭ-ийн гол ажил бол шашинтай тэмцэх явдал. Одоо мэдэхнээ яасан гэхээр, манай хүн хар багаасаа маш их шүтлэгтэй, бараг л хэн нэгэн хутагтын хойд дүр мүр байсан юм биш үү?

Кинонд гардаг “Гурван найз яасан байхнуу” гэгчээр манай хүн өдөр нь шашинтай тэмцээд, орой хариад хэдэн эрхи маань уншчихаад унтдаг байсан байх гээд байна. Би ч гэж би. Эмээгийэ хүү байж,  багаасаа зул барьж, мөргөж өсчихөөд, Эвлэлийн даргынхаа өмнө “Тийш дээ, Бурхан гэж ёстой байхгүй” гэж нүд нь дальдахгүй бүлтрээд явсан байх юм.

Хэрвээ би МХЗЭ-ийн даргадаа “Тэгж ярих юм бол Бурхан байдаг” гээд хэлчихвэл, сонгодог зохиолд “Гэсгээхдээ хүртэл ивээж байдаг Бурхан тэнгэр шиг, уйлан хайлан цаазлана” гэж гардаг шиг харамсан харамсан сургуулиас хөөлгөөд, араас минь “Хийморийн сан” тавих байсан бол уу, Төв хороо ажиг сэжиг авчихвал бөөн лай гээд жимийгээд өнгөрөх байсан болов уу? Бурхан л мэдэх байх даа.

За энэ ч яахав, гол нь монголчуудын “Хуулийг үзэх үзэл” гэж юу болохыгхамтдаа эргэцүүлэх гэж татсан жишээ юм.

1919 онд Монголд ирсэн И.А.Майский бичсэн байдаг юм. Монголчууд хуулиа шинэчлээд дэвтэрлэн хэвлэж байхтай тэрээр таарчээ. Хууль хэвлэсэн, шинэчилсэн зэргээс илүү гайхшруулсан нь: уг хууль нууц бөгөөд хэн дуртай нь үзэх эрхгүй гэсэн тайлбар ажээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар, нүүдэлчдийн хууль цааз нь нийтэд зориулагдаагүй бөгөөд ихэнхдээ түүнийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх эрх бүхий этгээд л үзэж танилцах эрхтэй байсан бололтой юм. Энгийн ардууд хэрэгт орсон хойноо л ямар зүйл анги зөрчснөө мэддэг байсан болов уу?

Манайхан хуулчийн мэргэжил эзэмших сонирхолтой, энэ салбар “3000 орон тоотой, 30.000 хүний нөөцтэй” гэдэг онигоо бий. Энэ нь цөмөөрөө шүүгч, прокурор болоод хүн амьтан байцааж, хориод явах “ин”-тэй гэхээсээ илүү өөр зөн совин байж магадгүй. Хэдэн зууны өмнөөс улбаатай, хуультай танилцах хэмжээний эрх мэдэлтэй болчихвол, юуг хориглож, хэрхэхийг зөвшөөрдгийг мэдэж аваад, гэмт хэргүүдийг тойроод явчихаж болно гэдэг далд эрмэлзэлтэй холбоотой ч байж мэднэ, үгүй ч байж болно. Угаасаа ч нүүдэлчид бэрхшээлийг буурин дээрээ орхиж шийддэг аргатайгаа нэгэн адил хуулийг тойрч шийдэх эрмэлзэлтэй хойно.

Хууль дүрэм нь хүмүүс хотшин айлсаж хамтаараа амьдрах хэрэгцээнээс урган гарсан зүйл. Олон жил хотшсон байхын хэрээр олон жилийн хуулийн уламжлалтай. Суурьшаад цөөн жил болсон байхын хэрээр хуулийн туршлага багатай. Монголчууд нэн эртний төр улс, хууль цаазын уламжлалтай боловч тэр нь нийтээрээ дагаж мөрдөх сахилган дээр бус, орой дээр суусан хүнийхээ сүр хүчээр хэрэгжих нь үлэмж байжээ. Монголын эзэнт гүрний түүхийг судлаачид, монголын их хаад хуулийн засаглал тогтоож өвлүүлээгүйгээс болоод их удирдагч нас бармагц улс нь бутарч байсан тухай өгүүлсэн нь ч бий.

Чухам ийм учраас, эх орондоо хууль дүрэм хэрэгжүүлэх явдлыг өөр дээрээ бүх эрх мэдлийг төвлөрүүлэх замаар хийх оролдлого үргэлж манайд байсаар ирсэн юм.

ХХ зууны эхний хагасын үлэмж амбицтай улс төрч П.Гэндэн 1928 онд Намын Төв хороог удирдаж эхлэхдээ улс орны удирдлагыг эрх баригч нам дээр төвлөрүүлсэн гэдэг. Дараа нь 1932 оноос Ерөнхий сайд болонгуутаа “Нам бол төрийн улаан булан л юм” гээд бүхий л эрх мэдлийг Засгийн газар дээр аваачсан байдаг. Уг нь 1924 онд батлагдсан Үндсэн хууль тэр үед мөрдөгдөж л байсан хэрэг шүү дээ.

Бүүр саяхны жишээ хэлэхэд Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байхад улсын гол эрх мэдэл Засгийн газарт төвлөрч байв. Удсан ч түүнийг спикер болсны дараа төрийн эрх мэдэл УИХ-д очсон гэж болно. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч болсны дараа гол мэдэл ҮАБЗ- очсон байдлаар түүний гарт төвлөрч эхэлсэн гэдэг.

Өнөөдөр манай нийгэмд юу юунаас илүү чухал байгаа зүйл бол ард түмний “Хуудлийг үзэх үзэл”-ийн шинэчлэл юм. Дээрх шинэчлэл, хувьсгалгүйгээр бидэнд сайн байтугаа, муу хууль ч нэмэргүй бололтой.

Ийм онцлог үед манай хэд Үндсэн хуулиндаа шинэчлэл хийх гэж байна. Нэг талаасаа ард түмэн нь хууль бол ямар нэгэн бичиг, тэр бол цас зуд, байгалийн бэрхшээлтэй төстэй бөгөөд өртвөл маш аюултай, бас эвийг нь олоод тойрох, сиймхийгээр нь нэвтрэх боломжтой гэсэн итгэл үнэмшлээсээ салж яваа үе юм.

Нөгөө талаасаа, өөр дээрээ хүч хуралдуулж чадсан тодорхой албан тушаалтан “Хуулийг өөр дээрээ төвлөрүүлж болно” гэсэн итгэл үнэмшлээсээ салж чадаагүй, тэгэх боломж нь ч шавхагдаагүй байна.

Үндсэн хуулиар шинээр баяжуулахдаа ард түмэн болон төр засаг нь хотшил-иргэншлийн түүхээр баялаг биш, бөөгнөрөн суугаад нэгэн хуулийн үг үсгээр амьсгалан ижилссэн туршлагаар бусад үндэстнээс дутуу гэдгээ бодолцох, эх хуулийн сүр жавхлан нэр төрийг өргөх ажлыг хамт хийгүүштэй.

Ер нь бол өөрчлөх цаг болсон гэдэг нь Үндсэн хуулиндаа ч хамааралтай, үндсэндээ хуулинд хандах хандлагандаа бүүр илүү хамаатай гэж бодогдож байх юм.

Ингээд бодохоор “Манай хэнд ч их учир байна” гэлээ гэгчээр, Үндсэн хуулинд ч, улс төрчдөд ч, ард түмэнд ч их учир байна гэснээр Үндсэн хуулийг шинэчлэх нь зөв буруу эсэх талаар ганц ч үг ганхийгүй эл өгүүллээ дуусгая даа.

Б.Цэнддоо /baabar.mn/