Дөлгөөн өөрөө залуу хүн, шигшээ багийн тамирчин тул манай залуу нийгэм тэр аяараа #Pray4dulguun хаштагаар түрхрэн хөдөлж байна. Залуу тамирчин байх нь хэвийн зүйл, нийгэм оволзох нь ч болдог л эд билээ.

Харин юу содон байна вэ?

Монголчууд ­бол дэлхийд онцгой үндэстэн. Онцгой алмай. Сүх далайтал үхэр амар. Гучин жилийн дараа хэр нь гучин жилийн өмнөхтэйгээ яг адил муу байгаагаа ч гайхаж мэддэггүй. Бидний олон зүйл социализмаас гарсан тэр хэвээрээ байгаа. Тухайлбал эрүүл мэндийн даатгал.

Дөлгөөний явдал дээр хамгийн гайхмаар, хэвийн дэлхий ертөнцийн хүмүүс чихэндээ ч итгэхээргүй нэг зүйл бол энэ. Эрүүл мэндийн даатгалыг бид өөрснөө ч ойлгодоггүй. Ийм хураамж төлдгийгөө ч мэдээгүй залуу хүнтэй тааралдаж байлаа. Учир нь улсын эрүүл мэндийн даатгалын хураамж албадлагынх хэрнээ буцаад (ялангуяа залууст) юу ч олддоггүй. 

Хэвийн ойлголтоор бол уг нь Дөлгөөн маань өнөөдөр зардал хүлээж цаг алдах ёсгүй, даатгалын мөнгө нь цагийн дотор дансанд нь шилжиж орох ёстой байлаа. Бусад мянга мянган Дөлгөөнүүд яахыгаа бас мэдэхгүй байгаа.

Манай даатгалын царай

Даатгалын сангийн зарцуулалт мэдэээээээж асар ярвигтай. Эмнэлгүүдийн засвар тохижилтод явжээнэ ч гэж байх шиг. Гэхдээ гол яриа энэ тухай биш, харин хаашдаа амьдралын чанар муутай, цалин цаваг багатай, ажил орлого ч гүй иргэд ихтэй манай оронд улсын даатгалаар Дөлгөөнийг өвдөнгүүт аврах бололцоогүйг хэлэх гэсэн юм. Учир нь Улсын эрүүл мэндийн даатгал нэг иргэнд жилд дээд тал нь хоёр сая төгрөг л зарцуулах хязгаартай. Илүү эх үүсвэр угаасаа бүрэлдэх боломжгүй. Ажил хийдэг нь цөөн шүү дээ манайх. Тэгээ л баахан насанд хүрээгүй хүмүүс, ажилгүйчүүд, тэгээд тэтгэвэрийнхэн. Тэтгэвэрийнхэн одоо 250 мянгуулаа. Таван жилийн дараа 450 мянга болж, ахиад таван жилийн тэдний тоо 750 мянга болно...

Та улсын даатгалын санд найдсан хэвээрээ үү?

Тэгвэл юунд найдах вэ?

Гадаадын орнуудын эрүүл мэндийн даатгалыг бид атаархан ярьж байгаа нь тэдний хувийн даатгалын компаниудыг ярьж байгаа хэрэг юм. Мэдээж баян орнуудад улсын даатгал ч үлгэр жишээ ажилладаг л даа. Гэхдээ манай улсад улсын санг шавхаад ч мөнгө гарахгүй нь үнэн. Харин хувийн даатгалын компаниуд бол лусын хааны сан гэсэн үг. Маш боломжийн хураамжтай хэр нь эргээд 10-20 сая төгрөгийн үйлчилгээ авах олон бүтээгдэхүүн тэдэнд бий. 

Харин энэ хураамж гэдэг ойлголт (хураамжийн тоон дээр биш ойлголт дээр шүү) дээр бид бүдэрчихээд байгаа юм. Таталдана, нарийлна. Хэзээ ч буцааж авахгүй юм руу хийгээд алдчих мулгуу зардал шиг санагдана. Энэ нь иргэдийн даатгалын боловсролтой шууд хамаарч байна. “За байз би энэ жил 50 мянган төгрөгөөр даатгуулаад өвдөхгүй бол хайран мөнгө болохымаа даа...” гэж бодоод л буцаагаад кармаалчихна. Хэн өөрийн мөнгөө бусдад зарцуулахыг хүсэхэв дээ. Гэхдээ таны болон бусад даатгуулагчийн мөнгө нийлээд хэн нэгнийг аварч байгаа. Яг л #pray4dulguun шиг. Дараа нь таныг ч бусад нь аварна, яг л #pray4dulguun шиг. 

Даатгалын бизнесийн үндсэн философи юу билээ, “гэнэтийн гамшгийг нөхөж өгөх”, бидний хэн нь “гэнэтийн” зүйлийг таамаглах чадваргүй л дээ. Машиныхаа албан журмыг төлөх гэж одоо хэр нь хэрүүл уруул болсоор.

Даатгалын боловсрол

Хэдүүлээ яаж даатгалд хамрагдаж сурах вэ? Төрөөс хийх зүйл байна уу, хувийнхан өөрснөө яах ёстой вэ? Цэцэн хөөрхөн шийдэл технологиуд байна уу?

Төр үүнд эс үйлдлээрээ буруутай. Санд нь цуглардаг хэдэн зуун тэрбумынхаа ядаж 1 хувийг даатгалын боловсрол олгоход зориулмаар байна. Яахаа ч мэдэхгүй сайд нь нэг далбийж орж ирээд л гарлаа.

Хувийн даатгалын байгууллагууд өөрснөө сурталчилгаа алга. Арай ч төрийн гар хараагүй байлгүй дээ. Яг л шинэ үсгийн багш шиг, соёлын довтолгоон шиг л яваад өгөхөд юу дутлаа гэж. 

Технологи бол хангалттай хөгжиж байна. Fintech хөгжүүлэлтээрээ бид төв, өмнөд азид номер нэг боллоо. Дагаад insurtech ч хөгжөөд ирлээ. Гэрэлтэй мэдээ байгаа биз. Ослын нөхөн төлбөрийг хэдхэн минутад хийдэг болчлоо. Байгааг нь ч мэддэггүй элдэв дэлгүүр, гар утасны бонусуудыг чинь цуглуулж даатгалын компаниудад өгөөд, буцаагаад эрүүл мэндийн хэчнээн саяын үйлчилгээ аваад өгье гэж байгаа залуус ч байна. Таны хэрэггүй хаягдлыг мөнгө болгож өгөх нь.

Баатар

Дөлгөөн дүү минь, чи бүрэг гүдэсхэн ард түмнийхээ дуудлагаар төрсөн ажээ. Одоо маш хүнд байгаа ч гэсэн дэлхийн хамгийн супер эмч нарын гарт, халуун сэтгэлт элэг нэгтнүүдийнхээ залбирал дунд байна. Чи ард түмнээ нэгтгэж чадлаа. Хормын сониучхан зантай монголчууд чинь хэчнээн өдөр #pray4dulguun гэж давалгаална вэ. Хурдан эдгээд, эргэж ирээд юу тохиолдсоноо, бас юу тохиолдохгүй байж болох байсныг ах дүү бидэндээ ярьж өгөөрэй. Ард түмнийг санаж сэрэхэд хүргэсэн тэр л хүн жинхэнэ баатар байдаг юм шүү. 

Тэрний дараа, чи өөрөө дуу хоолойгоо өргөхийг хүсвэл мянга мянган залуус чамтай нэгдэх болно. Бид нийлж “эрүүл мэндийн” нэртэй, бүр байчихаад “даатгалын” гэсэн даапаалсан төгсгөлтэй дампуурсан тогтолцоогоо нэг мөсөн шийдэх болно. Дурын герман хүн, солонгос хүн дэлхийн хаана ч аврагддаг байхад монгол хүн Монгол эх орондоо эмний ч мөнгөгүй өдөр хоног хүлээдэг байж таарахгүй. Харин чи өнөөдөр тэднийг сэрээлээ. Монголчууд минь харагтун! Мэргэжилтэн, сэхээтнүүд минь үгээ хэлэхтүн! Ухаанаа уралдуулахтун! 

Дуудлага эзэддээ хүрэх болтугай. Энэ залуугийн өөрөө өвдөн байж, өөрөө ч мэдээгүй хөдөлгөж орхисон энэ давалгаа бүү замхраасай. 

Хурдан эдгээрэй дүү минь! #pray4dulguun #pray4you #pray4insurance 

Уншигчдад

Дөлгөөний эмчилгээний мөнгө тун ч давгүй цуглараад байгаа боловч эмчилгээний хугацаа тодорхойгүй, мөн зардал ч чамгүй өндөр байгаа тул та бүхэн хандиваа бүү тасалдуулаарай. Хандивын данс:  Хаан банк  5721081225 Л.Очбадрах.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эндээс харна уу: https://web.facebook.com/watch/?v=356725971708707&t=33

Артаньян /baabar.mn/