Өчигдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжин чуулганы хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Өнөөдөр нэгдсэн хуралдаанаар дэмжвэл нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-ын хэрэлцүүлэгт орно.
Байнгын хорооны хуралдаан дээр нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр эсрэг саналтай гишүүд гарсангүй. Гэвч төслийн гуравдугаар зүйлд “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэсэн нь зарим нэг гишүүдийн анхаарлыг татав. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн “Үүний ард нэг л зүйл нуугаад байна даа” хэмээн хартай нь аргагүй асууж байна лээ. Хожим үүн дээр хэрхэн дуугарахаа тооцоолж буй хэрэг биз.
Саяхан УИХ-ын ажлын хэсэг сонгуулийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энд УИХ-ын сонгуулийг улс нэг тойрог буюу 76 мандаттай томсгосон тойргоор явуулахаар санал боловсуулаад байгаа. Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан “Нэг мандаттай 76 жижиг тойрог нь улсын төсвийг хэтэрхий үрэлгэн болгож, хөрөнгө оруулалтыг тарамдуулж, эдийн засгаа туйлдуулж байна” хэмээсэн билээ.
Гэвч 76 мандаттай нэг тойрог ч гэсэн эргэлзээ, шүүмжлэлийг дагуулж байна. Хамгийн түрүүнд сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ? гэдэг асуулт.
Өмнөх жилүүдийн сонгуулиудаас үзэхэд УИХ-ын 76 мандатын төлөө 500-700 нэр дэвшигчид өрсөлдөж байж. Саналын хуудсан дээр энэ тооны нэр бичигдэнэ гэсэн үг. Иргэд энэ 700 хүнээс сонголтоо хийх болно. Ингэхдээ 76 хүн дугуйлах уу, нэг хүнийг дугуйлах уу? гэдэг тодорхойгүй байгаа. Үүнийг хууль тогтоогчдод үлдээсэн байна.
Аль алиных нь хувьд сонгогч нэг бүр 500-700 нэрнээс сонголт хийнэ гэдэг бэрхшээлтэй болно. 76 хүн дугуйлахаар бол сонгуулийг нэг өдөрт багтаан явуулах ч боломжгүй болно. Тиймээс энэ бүтэшгүй санаа болж байна. Ирэх сонгууль одоогийн хуулиараа буюу жижиг 76-аар явах нь бараг л тодорхой болчихлоо.
Хоёрдугаарт, хэрвээ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг дэмжиж хэлэлцүүлэгт оруулбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй зэрэгцүүлэн өөр асуудал хэлэлцэх хуульгүй. Энэ утгаараа Сонгуулийн хуулийн төслийг сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй зэрэгцүүлэн өргөн барьсан нь ч гэсэн утга учир багатай харагдаж байна. УИХ энэ хоёр хуулийн аль нэгийг л хэлэлцэнэ гэсэн үг.
Хэрэв магадгүй, УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш шуурхай, сарын дотор хэлэлцээд хаврын чуулганаар баталчихдаг байлаа гэхэд сонгуулийн тухай хуулиудыг ирэх намрын чуулганы эхэнд хэлэлцэж болох юм. Хэрвээ эрх баригч намд ийм хүсэл эрмэлзэл, хуулийн шаардлага байгаа гэж үзвэл шүү дээ. Энэ тохиолдолд дахиад тогтолцооны асуудал хөндөгдөнө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэсэн нь ийм учиртай.
Учир нь өнгөрсөн удаа парламентаас баталсан холимог тогтолцоог “Сонгогч өөрийн төлөөлөгчийг шууд сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт дээр дөрөөлөн Цэц хүчингүй болгож байв. Иргэдийн “шууд сонгох” эрхэд халдаж байна гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооны уг сурвалж нь Үндсэн хуулийн энэ заалтад байна гэж Цэц үзсэн хэрэг. “Энэ бол сонгогч УИХ-д өөрийн төлөөллийг сонгохдоо хэн нэгнээр дамжуулахгүй, хэн нэгэнд сонгох эрхээ шилжүүлэхгүй, өөрөө шууд саналаа өгөхийг хэлж байгаа юм. Түүнээс биш тогтолцоотой хамаагүй (нам сонгох уу, хүн сонгох уу) юмаа” гэж хичнээн маргаад Цэц хүлээж аваагүй. Тухайн үеийн олонхи Цэцийн энэ шийдвэрийг “сөрөг хүчний” буюу МАН-ын захиалга хэмээн нэрлэж байлаа.
Сая ажлын хэсэг сонгуулийн хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхдээ “Цорын ганц загвар гэж байхгүй. Бүсчилсэн болон томсгосон тойргоор явуулах, эсвэл одоогийнх шигээ жижиг 76-гаараа явах өөр бусад хувилбарууд ч байгаа” хэмээн хэлж байсан. Тэгэхээр зорилго нь сонгуулийн хуулийг өөрчлөхөд биш, тойргийг дахин зурахад л байсан бололтой. Яг 2016 оны сонгууль шиг. (Хоёр намын дарга нар хоорондоо тохиролцоод “тойрог дотор тойрог” хийчихсэн ч тохиолдол бий л юм шүү дээ) Нэр дэвшигч нараа зоож байгаад, түүнд нь зориулсан тойрог зурж байлаа.
Хэрвээ “улс нэг тойрог” байх ёстой гэж үзвэл 76 мандат дээр 700 нэр дэвшигч гаргаж байхаар шууд пропорциональ системээ авчихсан нь хялбар. Нам дотроо 76 нэр дэвшигч жагсаагаад, нэр дэвшигчид нь биш, намд нь санал өгүүлнэ гэсэн үг. Гэвч өмнө нь “нам сонгохгүй, нэр дэвшигч сонгоно” гээд Цэцийн шийдвэр гарчихсан учраас энэ боломжгүй болчихож байна. Цэц нэг асуудлаар нэг л шийдвэр гаргах ёстой. Хоёр өөр шийдвэр гаргах боломжгүй. Энэ удаа эрх барьж байгаа нам нь өөрөө захиалга өгөөд ч Цэцийн шийдвэр өөрчлөгдөхгүй гэсэн үг. Үүнээс л болж “улс нэг тойрог” гэдэг хувилбарыг гаргаж ирсэн бололтой.
Нөгөө хувилбарууд буюу олон мандаттай томсгосон тойрог, эсвэл бүсчилсэн сонгууль явуулья гэхээр нэр дэвшигчид нь өмнөх шигээ “Нам дотроо өрсөлдөөд байдаг юм аа” гээд зугтах нь тодорхой. Тиймээс энэ удаад лав сонгуулийн хуулийг өөрчлөх боломжгүй болж байх шиг байна. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадаж гэмээн сая сонгуулийн хуулиа тогтолцоотойгоо хамт ярьж болох юм.
Б.СЭМҮҮН