x

Ажил хийж өгдөггүй, ажил хийлгэж чаддаггүй!

Монгол нь монголдоо захирагдах дургүй өнөөгийн цаг үед биеэ зүдрээхгүй ажил эрхэлж болоод байгаа жишээ маш их.

-Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ төр засаг бүх талаар дэмжиж ажиллана. Засгийн газар эдийн засгийн өсөлтөө айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлнэ!

Гэж Ерөнхий сайд ярина. Олон жил ярьдаг үгс. Лав 30 жил ярьсан байх. Нэг л өөдөлдөггүй. Ерэн жилийнхээ ойг тэмдэглэж байсан сумын баярт очсон япон зочин гайхан асууж байна: - 90 жилд Танай сум юу хийж бүтээсэн юм бэ? Манайхан паг. 

Гэх мэт оршлын араас ядуурлын шалтгааныг хайсан цуврал өгүүлэл маань явж байна гээд ойлгочих. Миний нийтлэлийг эсэргүүцсэн, адгасан коментууд дотор монгол хүний ажилсагийг гайхсан, ялангуяа гадаадад гараад гялалзтал ажиллаад мөнгө олоод байгааг эсрэгцүүлсэн тайлбар их явдаг. Монгол хүн угаасаа ажилсаг, энэ нэг өөдгүй төр-засаг нь ажил хийлгэх бололцоо олгохгүй, хийснийг нь хулгайлаад байна гэх эсэргүүцэл ямагт дагалддаг. Захын монгол хүн ингэж маргана. 

Аль алийг нь зөвшөөрнө. Харин нэг л тайлбар хэлье. Монгол хүн монгол хүнийхээ захиргаанд ажил огт хийх хүсэлгүй ба хийлээ ч удаан тэсвэрлэхгүй. Бие биенээ үл хүлээн зөвшөөрөх монгол цус нь оргилоод монгол даргадаа (ажил олгогч) мөчөөрхөөд, гомдоод, хэрүүл хийгээд алга болно. Ерөөсөө монгол нь монголчуудаа даргалаад даргалуулаад ажиллах ёстойг ардчиллын энэ 30 жилд бүр мартаад, тархинаасаа арчаад алга болгожээ. Сэтгэл зүйн тэжээл байхгүй. Хөдөлмөрийн зөрчлийн голыг олоод хэлчихлээ шүү. Монгол хүн монгол хүнийхээ захиргаан дор ажил хийхгүй ээ гэж! Монгол хүнд бас нэг ноцтой дутагдал, эсвэл чанар байна. Адайр ааш-хэрүүлч зан. Мэдээ алдуулдаг мангартуулдаг тариа шахуулчихсан аятай нэг зөрвөл тэс хөндлөн. Улам цаашилна. Хаашаа л бол хаашаа явчихаж мэднэ. Биеэ олоогүй сүнс аятай тэнүүчлэн явна. Сүнслэг сэтгэхүйтэй учраас нэг газраа тогтож чаддаггүй, ажилд удаан тэсдэггүй учраас дахиад л тэнүүчлэл. Тэнэх орон зай хязгааргүй их.

Гэтэл Солонгост очоод яадаг гээч. Боловсон жорлонгоос ч дор агааргүй харанхуй өрөөнд хоноглодог ухаантай, хоёул гурвуулаа орчихсон, солонгос эзэн гэж нэг дээрэлхүү нөхөрт цаг наргүй зарцлагдана, цаадхи нь 2-3 сая вон өгдөг ухаантай, солонгос эзнийхээ дэргэд наад монгол нь гөлөг. Юун хөдөлмөрийн харилцаа, нөхцөл, хачин хачин түүх дуулдана. Хөөрхий монгол хар ажилчин нэг л өдөр тэсэрнэ. Тэснэ тэснэ гэхэд арай ч хэтэрлээ гээд архи ууна, согтуудаа хэрэг тарьчихсан, бүр монголоо егүүтгэчихсэн, архи тархинаас гардаг, мань хүн цагдаагийн газар гавтай, хүн алчихсан сууж байдаг. Солонгост гялалзтал ажилладаг хөдөлмөрч монголын гашуун жишээ сургамжийн нэг энэ л дээ. 

Гэтэл Монголдоо тэр дайны цалинг нь төгрөгөөр өгье гэсэн ч ажлын байран дээр тоож очихгүй. Зарууд ярайтлаа. Өдөр тутмын томхон сонинуудад ажлын байрны зар өдөр бүр, хуудас нүүр дүүрэн. Бүр гүйцэтгэх захирал шалгаруулж явна гэсэн зар ярайтлаа тавигдана. Сонины нүүрэнд ажлын байрны зарууд үүрд мөнхөрсөн. Үйлчилгээний газруудад ороод үз. Кассныхаа дэргэд ажлын байрны зар тавьчихсан, жижүүрийн ширээн дээр, гадна хаалгандаа наачихсан, дан ажлын байрны зарууд. Moнгoл xүн өөрийнхөө үнэ цэнийг олж харахыг хүсэхгүй болохлоороо ажил хийх сонирхолгүй болдог ч юм шиг.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар гэж миний нэг найз, зовсон амьтан байнаа. Бүр “ажлын байрны дон”-той болчихсон. Хаана л хурал цуглаан, уулзалт болно, мань хүн уригдсан байвал хаалгаар нь ороод л Танайд ажлын сул байр хэд байна, ямар ямар гээд л асуугаад, тэмдэглээд, түүнийгээ хурал дээр ороод шууд ярьчихна. Бид “Новотел” тансаг зочид буудалд хуралдаж байв. Ганбаатар захирал ресепшний тэнд менежертэй уулзаад л байсан, хурал дээр энэ хотелд ажлын нээлттэй байр 30 байна, зар тавиад хүн ирдэггүй гэсэн гээд ярьж гарав. Мэдээж олон одтой олон улсын сүлжээ буудал тэр солонгосын хөлсний ажлын байрны нөхцлөөс хамаагүй дээр л дээ. Гэтэл бүр гучийн гучин байр ажиллах эзнээ хүлээх нь нэн гайхалтай. 

Судлаад үзээрэй. Тэр буудлын менежер, ахлагч хэн ч байдаг юм, монгол хүн учраас монгол хүн монгол хүндээ очиж зарагдахгүй гүрийж байгаа нь тэр юм. Дээхнэ үеийн нэг баримт. Одоо ч хаа нэгтэй тийм байж бас болно. Байгаа ч байх. Улаанбаатарын “Ажилчны” гэгдэх районд бүхэл бүтэн “Хятад хот” төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерийн ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгvй үнэгүй мөлжиж байсан ба тэнд монголчуудыг хэн ч албадан аваачаагүй, өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр байсан юм билээ. Хятад, солонгос эзэнтэй ажлын байранд очиж дарлагдах дуртай, монгол эзэн гэхлээр болдоггүй ямар гээч хяслан бэ? 

Монгол нь монголдоо захирагдах дургүй чанар аль социализмын үеэс эхтэй юм. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хяналт шахалт дор гүрийтлээ ажиллаж байсан тостой үеэ эргээд нэг саначих. Монгол даргатай бол бөөн хэрүүлтэй, сахилгын шийтгэлтэй. Гэхдээ өнөөгийн маниусын зан авир байж л байсан даа. Гандан бууршгvй худалч, мэхлээчин, панаалдагч чанар нь тэр үед ажлын байран дээр учраа олоход тусалж, социалист уриан дор харилцан болоод байсан байх. 

Монголчууд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй зантай. Бүгдийг нь л зэрэг зэрэг бүх хүндээ ээлтэй шийдчих гээд 30 жилийг туулсан. Ажил олгогч, ажил хайгч нь хоёр талаасаа хайр сэтгэлээр учраасай гэсэн ерөөл. Гэтэл хэн нэгэн нь захиргаадаж, эс таалбал нөгөөх нь хохирч салж байж тэр гашуун үнэн нь хэрэгжих гээд байдаг. Гашуун үнэн гэдэг нь ажилтай байж, ажил явагдаж, мөнгө босч, улс цэгцрэхийг хэлж байна л даа. Гэтэлмонгол нь монголдоо пээдгэр гэж яана? Шууд л “Цалин хэд вэ?” гэсэн асуултаар мэндчилнэ. “Тэгсгээд нэмэх юм байгаа биз дээ” гэж ам асууна. Эсвэл дарга болъё гэнэ. Хэлүүлнэ, лоббидоно. Ажилд орох гэж яваа монгол залуусын ердийн төрх. Ажил олгох гэж байгаа нь бараг гуйж гувшина, далан долоон булчирхайгаа тоочно. 

Монгол нь монголдоо захирагдах дургүй өнөөгийн цаг үед биеэ зүдрээхгүй ажил эрхэлж болоод байгаа жишээ маш их. “Хадгаламж, зээлийн хоршоо” гэсэн лут нэртэй, хэдэн арван тэрбумаар идэж уугаад дуусгадаг гашуун жишээ мөд салахгүй. Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа ээлж дараалан дампуурч, бас ар араасаа төрнө, ломбардууд бас их нэмэр болно. Арваад жилийн өмнө дөө, 10 000 шахам хохирогчтой хэдэн арван хоршоог Улсын мөрдөн байцаах газар шалгахад урьдчилсан тооцоогоор тэд хадгаламж эзэмшигчдэдээ 66 тэрбум төгрөгийн хохирол учруулж байжээ. “Дэлхийн зөн”-гийн шугамаар эмзэг бүлгийн ядуу амьдралтай айлын хүмүүсийг “гадаадад ажиллуулна” хэмээн танилцуулж нийтдээ 50 мянган ам.доллар залилсан хэрэг гэхчлэн дотоодын луйврын хэрэг эдүгээ ч хөвөрсөөр байгаа. 

Луйвар хийх нь яахав, ялыг нь нэг хүн л үүрнэ. Гэвч луйвар хийх хөрсийг “сүү шиг цагаан сэтгэлтэй монголчууд” (их зохиолч Д.Нацагдоржийн онож хэлснээр бол сэтгэл зөөлөн, чанар хөнгөн) өөрсдөө зэхэж өгдөг. “Хадгаламж, зээлийн хоршоо” гэгчид мөнгөө өсгүүлэхээр бүр хэдэн зуун саяар нь өгсөн монголчуудыг би хэлж байна. Зүв зүгээр сууж байгаад хөрөнгөд хүрэх хорхой, гэнэн цайлган сэтгэл хоёр нь хослоод дотоодын луйварчдыг ташуурддаг. Тийм ч улсын виз гаргана, тийшээ суралцахад зуучилна, ийшээ явуулж өгнө гэсэн барагдашгүй,дуусашгүй их зар өдөр бүр хөвөрнө.

Монгол нь монголдоо захирагдах дургүй гээд биеэ зүдрээхгүй ажил эрхэлж байгаа нь өнөөгийн энэ их захууд байна. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүйдээ л гадаадынхны нүдийг хужирлаж, дуран авианд нь бууж үлддэгээ бид ингэхэд мэддэг үү? 

Монгол нь монголдоо захирагдах дургүй жишээг АНУ-аас хоёр баримтаар нотлоё. Эхнийхийг нь тухайд үедээ АНУ-д Элчин сайдаар ажилласан асан, одоо ч Элчин сайд байгаа нэг нөхөр маань бидэнд хуучилсан юм. Зөв сэтгэл, шаргуу зүтгэл, түүнийг сөрсөн монгол араншингийн бодит жишээ. Америкт харлаж яваад цагаарсан нэг монгол бүсгүй уйгагүй хөдөлмөрөөрөө өөрийн өмчийн –Түргэн хоолны газар Вашингтон хотын ойролцоо нээж нээлтэндээ манай ЭСЯ-ны хамт олныг урьж цайлсан байгаа юм. Монгол хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн нээлтийн ёслолын дараа манай Элчин сайд нөхөр тэр бүсгүйд талархаад Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хатуу үүрэг өгчээ. Юу гэвэл энэ олон вьетнам, тай, филиппин, латин ажилчдаа монгол ажилчдаар соль, АНУ-д ядарч яваа монгол хүндээ ажлын байр гаргаж өг, монголын зоогийн газар болго гэжээ. Цаадхи нь ч “За” л болоо биз. Сарын дараа урьж байнаа. Манай ЭСЯ-ныхан яваад очтол Түргэн хоолны газар дан монголчууд. Гялалзтал ажиллаж, бүр хаалгаа хаагаад бяцхан найр хийжээ. Манайхан ч сэтгэл дүүрэн, Элчин сайд ч ажлын үр дүнгээ үзсэн. Тэгсгээд буцжээ. 

Гэтэл нөгөө Fast Food таг болчихов, хоёр гурван сар, хагас жил. Манайхан холбогдох гээд болдоггүй. Аргаа бараад ЭСЯ-ны консулыг явуулжээ. Газар дээр нь шалгаад ир гээд. Очлоо, Fast Food байж байна, орлоо, захирал болох нөгөө монгол бүсгүй бишүүрхсгээд угтан авлаа. Харин вьетнам, тай, филиппин, латин ажилчид нь монгол ажилчдын байрыг эзэлчихэж. Манайхан болсон хойно сүржигнээд л, загнаад л, монгол хүний эрх ашгийг дээдлээд л бангадаж өгчээ. Fast Food-ын захирал нөгөө монгол бүсгүй хамаг учраа ярьж монголчуудтайгаа ажилласан паянгаа дэлгэв ээ. 

Сар бололгүй нөгөө хэдэн монгол нь монгол захиралдаа захирагдахгүй, мөчөөрхөөд барьцаад, үл хүндлээд эхэлжээ. Үгсэн хуйвалдаад, тэр хавьдаа төрийн эргэлт маягийн юм хийхийг завдсан гэнэ. “Чи захирлаар ажиллаж ханалаа. Хангалттай баяжлаа. Одоо ажлын байраа сольё, чи нэг сар тогооч, дараа нь тэр нэг сар тогооч, чи нэг сар бэлтгэгч, энэ хооронд тэр тэр нар захирал, тэгээд би захирал болж ээлжлэн ажиллая, тэгэх үү?” – АНУ-ын хуулийн дагуу ажлын байр олгогч эзэн нь нөгөө монгол бүсгүй, өмч нь өөрийнх нь нэр дээр, хуулийн этгээд нь өөрөө гэж мянга тайлбарлаад монгол ажилчид нь хүлээн авдаггүй ээ. Яахав дээ хуйвалдаад америкийн мэргэжлийн хяналт, татварынхныг ирвэл чи уулзчихаад гаргачих, араар нь хэдүүлээ ингэж ээлжлэе л дээ гээд зүтгээд байх нь тэр. Тар түр хийж, хэрүүл зодоондоо тулаад мань хүн арай цагдаа дуудалгүй нөгөөдүүлээ халаад, мөнгө төлөөд явуулжээ. Ямар түүх байна даа? Монгол цус оргилж байгаа биз? 

Монгол нь монголдоо захирагдах дургүй, гэхдээ бүр өөр өнцгийн тэнэг жишээ. АНУ дахь манай ЭСЯ-ны консулын дарга асан найз маань надад хуучилсан яриа. АНУ-д харлаж яваа үй түмэн монголчууд дотроос сохор азаар тодорч гараад саятан болчихсон монгол бүсгүйн гашуун атлаа аз жаргалтай амьдралыг өгүүлье. 

АНУ-ын хаа нэгтэй, хөгшчүүлийн асрамжийн газарт ажил хайсан нэгэн монгол бүсгүй очжээ. Газрын хол, хотоос зайтай, ойн захад ганц бие чавганц аж төрдөг, тийшээ зүглэж очиж асрах хүн олдохгүй учраас хөөрхий тэр монгол охинд олдсон ажлын байр нь тэр, очихоос ч арга байсангүй. Ингээд эмгэнийд хамт аж төрж, хооллож, асарч, эм тариа, өтгөн шингэн бүгдтэй нь зууралдав аа. Зарц нь л гэсэн үг. Эмгэнтэй дасч ээж охин хоёр шиг болтлоо бас ч үгүй хэдэн жилийг авчээ. Эмгэн хэвтэрт байж байгаад нүд анихад хөөрхий тэр монгол бүсгүй дэргэд нь нойр хоолгүй сахисаар, буян үйлдсээр нөгөө ертөнц рүү явуулжээ. Эх шиг нь дассан болоод ч тэр үү, нэг л тавгүй, уйлж унжсаар, дараагийн ажлын байраа олохоор тэднийхээс явжээ. 

Ердөө маргааш нь нөгөө бүсгүйг америкийн орон нутгийн шүүхэд дууджээ. Сайн сайхан бодол мэдээж төсөөлөгдөхгүй, яачлаа даа, юу болов оо, эмгэнийг эх шигээ л асарсан юмсан, арай харласан гэж шийтгэх нь үү гэсээр айж хулгасаар очжээ. Эмгэний өмгөөлөгч гээд орж гардаг нэг хүн байж байна. Шүүгч нар байж байна. Уншиж сонсгожээ. Шүүхийн шийвэр – талийгаач эмгэний өв хөрөнгө залгамжлагч болоод явчихжээ. Чихэндээ итгэсэнгүй, буруу сонсов уу гээд тээнэгэлзээд байж байтал гарын үсгээ зур, өмчөө хүлээн ав гэх нь дуулдав. Эмгэн амьд ахуйдаа өмгөөлөгчдөө гэрээслэл бичсэн нь байж байх юм гэнэ. Тэр хөгшин ганц бие, нөхөр хүүхэд, хамаатан садан, ач гуч гэж байхгүй, саятан хөрөнгөтөн ааваас нь өвлөж уламжлуулсан олон сая долларын хадгаламж ба өөрийнх нь хадгалуулсан мөнгө, ойн захад орших хаус, газар, доторхи бүх тавилга тэр чигтээ өөрийнх нь хуурай монгол охинд очих ёстой гэх нь тэр. Хуурай монгол охин нь мань монгол бүсгүй шүү дээ. Тэр мөчид тэр монгол хүүхний сэтгэл санаа яаж хямарч, догдолж, газар дээр гишгэж яваагаа ч мэдрэхгүй болсон тухай манай консулд сэтгэл догдлон ярьсан аж.

Ингээд саятан монгол бүсгүй хууль ёсоор ногоон картаа авч, хувийн бизнесээ эхлүүлэв ээ. Шууд л эзэн, хүндтэй эрхэм, бизнесч бүсгүй. Юуны өмнө Улаанбаатар дахь хань нөхөр, ганц хүүгээ хууль ёсоор нь урив аа. Монголоос аав хүү хоёр визээ саадгүй мэдүүлж аваад саадгүй нисээд очлоо. Эцэг эх хүү гурав халуун ам бүлээрээ уулзаад гэр бүлийн ямар их баяр баясал тохиосныг хэлүүлэлтгүй. 

Хүүгээ ч дор нь албажуулаад дунд сургуульд оруулчихлаа. Нөхрөө эрхлүүлээд гэртээ үлдээж, юу ууя гэснийг нь, юу идье гэснийг нь хангаад байж. Улаанбаатарын тамын амьдралаас эхнэртээ эргэж очсон монгол эр хүн хэд хоног тасартлаа уугаа л биз, байх л асуудал. Хөөрхий миний өвгөн Монголд их ядарсан, ууж ид, жарга жарга!

Олон хоногийн архидалтын дараа бие нь дийлэхээ болиод, бас залхаад эрүүлжээд ирэв ээ. Албажуулаад өгье, ажил албатай болгоё, юу хиймээр байна, хэл сур гэж захиж зөвлөх нь эхнэр хүний үүрэг мөн л дөө. Эрүүлжээд хотоор явж, ойр тойронтойгоо танилцаж, эхнэрийнхээ ажлын газраар хүртэл явж үзжээ. Олон өрөө тансаг байшинд, дутагдах гачигдах юм байхгүй, эхнэр нь үнэтэй тансаг машинтай, ажил дээрээ ажилч хэрэгч, америк албатуудаа захираад л. Гэртээ байдгаас нэг л өөр. Яалт ч үгүй авч суусан монгол эхнэр нь мөн нь мөн, гэтэл ажил албан дээрээ харь үндэстэн аятай. Бүр гайхаж цөхөрлөө. Ядаж тайлбарлаад өгөх монгол хүн байдаггүй. Ингээд эхнэрээсээ хүнийсээд эхлэв ээ. Гутарсандаа ууж гарлаа. Согтуу толгойд ёдрын бодол орж ирнэ. Тэр нь хардлага болж хувирна. Энэ нэг л биш боллоо. Тэрбумтан америк эртэй л эр эмийн харилцаанд орсон, нууц амраг нь болсноос зайлахгүй! Өөрөөр яах юм бэ? Хэн түүнийг тэгж жаргуулж цэнгүүлж баян тансаг болгох юм бэ? Улаанбаатарт байхдаа нэг зовсон амьтан, ноорхой хүүхэн байсан, тэгээд л хуруу хумсаа хугалан байж мөнгө зээлээд Америкийг зорьсон, гэтэл одоо байж байгааг нь?

Гэр бүлийн дотор хардлагаас үүдсэн хэрүүл тасрахаа байлаа. Мань нөхөр нөгөө нууц амраг тэрбумтныг нь хэлүүлчих гээд, эхнэр нь тийм хүн байхгүй ээ гээд үнэнээ өчөөд байдаг. Нөхөр нь үнэмшдэггүй. Гэр бүлийн зодооны тухай цагдаад хэлэлгүй, харин ЭСЯ-ны консулд мэдүүлжээ. Алийн болгон хөх няц болсон нүдтэй явах вэ дээ, тийм ээ. Бас ажил дээр согтуу очиж америк ажилтнуудыг нь түйвээчихээс эхнэр нь үхтлээ айна, тэр гарцаагүй.

Вашингтоноос манай консул согтуу нөхөрт нь сануулга өгөв өө. Сануулга байгаа оносонгүй. Хардлага хүрээгээ тэллээ. Нөгөө тэрбумтан нууц амрагаас гадна элчингийнхэнтэй явалддаг, тэр консул нөхөр чиний нууц амраг чинь гээд эрүүдэж эхлэв ээ. Тамын амьдралыг цааш үргэлжлүүлэх цаг зав, сэтгэл нөгөө бүсгүйд үлдсэнгүй. Зөв сэтгэл, шаргуу зүтгэлийг нь хань нь илт гутаав. Хүүгээ салгаж аваад аавыг нь мөнгөөр угжаад Улаанбаатар руу буцаахаас өөр арга байсангүй. Гэр бүл салав. Нөгөө монгол эр энд Монголдоо юу хийж явдаг бол? Эрхбиш дахин нэг амьдрал өлхөөн зохиочихсон байгаа. Тийм нөхдөд эхнэр олдох нь яана гээч, захаас аван бэлэн байна. Ажил хийх дургүй, хийж байгаад нь дургүй, билэг танхай оргилсон монгол цус!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 41 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 3 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 44 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 20 цаг 2 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 30 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 42 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 56 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 3 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top