x

Бүслэгдэж буй ардчилсан Монгол

Тэр жил Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонирхож байгаа тухайгаа манай нэгэн өвгөн телевизээр ярьсан нь олон залуучуудын дургүй хүргэсэн бололтой, мөнөөх хөгшнийг “жалгынхаа асуудлыг харахгүй байж дэлхийн тухай дэмийрч байна" гэх зэргээр буруушаасан коммент харамгүй урссан юм. Үнэндээ өвгөний зөв байсан. Юу гэвэл Монгол улсын дотоод байдал нь хоёр хөршийн байдлаас бараг л зуун хувь хамаардаг гэхэд болно. Харин хоёр хөршийн байдал Америкийн ааш аягаас багагүй шалтгаалах аж.

Баабарын "20-р зууны монголчууд" ном нь Монголын түүхийг "дэлхийн байдал" хэмээх хөрсөн дээр буулгаж бичсэнээрээ гайхамшигтай бүтээл. Түүнээс өмнөх түүх бичлэг "ангийн тэмцэл" гээчид суурилсан Зөвлөлтийн түүхчлэхүйн школоор бичигддэг байлаа. Хоёр хөрш маань энэ дэлхий дээрх их гүрнүүд болохын хувьд гүрнүүдийн "зодоонд" гол оролцогчид, харин тэр хоёр маань яаж оролцож байгаагаас манай дотоод байдал бүрэн хамаарч байсныг ХХ зууны түүхээр дамжуулан Баабар бидэнд харуулсан. Хоёр хөршид хувьсгал болбол манайд хувьсгал болно, хоёр хөршид иргэний дайн болбол тэр нь манай нутаг дээр үргэлжилнэ, хоёр хөршид ангийн тэмцэл болбол манайд мөн ангийн тэмцэл болно, хоёр хөршид хүн ардаа хэлмэгдүүлбэл манайд бас л тийм юм болно. 

Баабарын энэ түүхчлэхүйн шинэ хандлага монголчуудад нөлөөлсөн нь мөнөөх өвгөний байдлаас харагдаад байгаа хэрэг. Ганц тэр өвгөнд гэлтгүй л дээ. 

Чухамдаа "20-р зууны монголчууд" номын түүхчлэхүй нь Монголын өргөн олон уншигчдын бодол сэдэлд их нөлөөлсөн. Үүнийг манай телевизүүдийн хамгийн их үзэгчтэй мэдээний нэвтрүүлгүүд нь олон улсын тойм, од хөтлөгчид нь олон улсын тоймчид байдгаас мөн харж болно. 

Залуу тоймчдынхоо олон улсын мэдээний тайлбарыг үзээд байхад хоёр хөрш маань өдгөө "нуман тулгуурт орсон" байдалтай байна. Орос, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эдийн засгийн хоригт орж хүндэрлээ. Хятад АНУ-тай ид худалдааны дайн хийж байна. 

Угаасаа өрсөлдөгчийнхөө эдийн засгийг сулруулах зорилготой хориг болоод худалдааны дайны аль аль нь хоёр хөршийн эдийн засгийг доройтуулах өндөр эрсдэл дагуулж буй нь тодорхой. Энэ эрсдэлээс эмээсэн хоёр хөршийн удирдагчид нь эрх мэдлээ нэмэгдүүлэн нийгмээ улам бүр дарангуйлах боллоо. 

Хятад нэг хүний дарангуйллаас нэг намын дарангуйлалд шилжин "либеральчлагдаж" байтлаа эргээд нэг хүний дарангуйлал руу шилжлээ. Нэг хүний дарангуйлалд шилжээд зогсохгүй, технологийн дэвшлийг ашиглан хүмүүний түүхэнд урьд хожид байгаагүй төрөөс иргэнээ цагдан хянах хяналтын тогтолцоог бий болгочихлоо. Хятадын төр одоо тэрбум гурван зуун сая хүнийг нэг бүрчлэн, бүр аягүйдвэл "хүндэрч байхад" нь хүртэл хянах бололцоотой гэнэ! Ингэж чадсанаа саяхан стадион дүүрэн үзэгч дундаас нэг гэмт хэрэгтнийг ухаалаг дурангаар танин илрүүлсэн явдлаар далимдуулан ард түмэндээ зориуд харууллаа! 

Орост "Путин-сказочный" гэж твиттердсэнийхээ төлөө сөрөг хүчний зүтгэлтэн шүүхэд дуудагдаж байна. Путиныг егөөдөж хошигнох (муулах ч биш шүү!) нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Ийм хэргийг үйлдвэл 1,2 саяас 12 сая хүртэл төгрөгтэй тэнцэх торгуултай, бас 15 хоногоор баривчлан саатуулах ялтай аж! 

Манай хоёр хөрш эдийн засгийн доройтол, ардчилал хоёр "хөтөлцвөл" нийгмийн гамшиг болно хэмээн маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол бас чиг үндэсгүй юм биш. ХХ зууны хоёр дахь аравдаар Орос, Хятад хоёр эдийн засаг нь сул дорой үедээ ардчилсан улс болох гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн.Тэгээд аль аль нь иргэний дайнд хүрсэн нийгмийн аймшигт гамшиг руу хальтран унасан билээ. 

Түүхийнхээ энэ үеийг жишээ нь Оросын түүхчид "цусаар угаагдсан Орос" хэмээн нэрлэсэн байдаг юм. Хятадын түүхчид өөрийнхөө түүхийн мөн үеийг бас л ингэж халаглан үздэг. Самуун цагийн гамшгаас хоёр орон Сталин, Мао Цзэдун гэх мэтийн "мангас" мэт дарангуйлагч нарын хүчээр асар их үнэ төлөн байж гарчээ. 

Түүхийн эл сургамж одоо хэр нь тэдний зүрхэнд шар ус хуруулсаар байдаг бололтой. Ийм гэдэг нь Хятадын удирдагчид тэвдэхдээ, Тяньаньмэний талбайд оюутнуудын тайван жагсаалыг цус урсган дарсан хэрэг, Оросын удирдагчид мэгдэхдээ Майданы бослогын дараахан, Сочийн өвлийн олимп өнгөрмөгц Крымийг булаан эзэлсэн явдал зэргээс харагдана билээ. 

Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой гэж чин сэтгэлээсээ сүслэн залбирч, "сүүгээ өргөдөг". Тэгэх нь ч аргагүй. 

ХХ зуунд тохиосон хоёр хөршийнхөө дотоодын самуурал, доройтол, хүчирхийлэл зэрэгт Монгол маш ихээр чирэгдэж зүдэрч байсан. Бас хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг даган манай орон дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө магнайлсан тохиолдол ч гарсан. Ийнхүү хоёр хөршийнхөө унахад нь унаж, босоход нь босдогоо монголчууд маш сайн мэддэг болсон юм. 

Тэгээд ардчиллын үед гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэй харилцах харьцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон билээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах" чиглэлийг баримтлахаа нотолжээ. 

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө Монгол улс Зөвлөл Холбоот Улсаас Хятадын эсрэг "довтлох гол түшиц газар" байсан гэдгийг бодолцож үзэхүл, хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах шинэ чиглэл бол тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод гарсан "хувьсгалт эргэлт" мөн юм. 90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол улс энэ чиглэлийг тууштай баримтлан хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан байна. 

Ардчиллын үе бол манай гадаад бодлогын хамгийн гайхалтай үе байсан. Чухам энэ үед л ардчилсан Монгол нь хоёр хөршдөө хэчнээн хэрэгтэй, тустай болохоо бүрэн дүүрэн нотолж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз! 

Гэтэл сүүлийн үед Монголын ардчилалд дайсагнах дотоодын хүчийг гаднаас өөгшүүлэн далдуур дэмжсэн байдал харагдаад байна гэх боллоо. Энэ тухай бичсэн Баабарын "Хагаралдуулаад захир!" хэмээх нэртэй нийтлэлээр цуурайтаж буй "түгшүүрийн дохио"-г анхаарахгүй байхын аргагүй. Баабар 1930-аад оны "гаслант" түүх давтагдах гэж буйг монголчууддаа анхааруулж байна! 

Монголд дарангуйлал тогтох юм бол манай хоёр хөршид тун муу гэдэг нь хоёр хөршийн ямар ч боловсролтой улстөрчид, төрийн зүтгэлтэнд ойлгомжтой баймаар. Учир нь дарангуйлал тогтсоны дараа "...дарангуйлагчийн шалиг занг маллах нь..." амаргүй бөгөөд өндөр үнэ өртөгтэй ажил. Санаанд оромгүй эрсдэл дагуулна. 

Өөрт нь ашигтай байвал ямар ч хор найраанд орж мэдэх дарангуйлагчаас болоод хоёр хөрш маань бие биенээ сэрдэж суувал юу нь сайхан байх билээ! 

Хэзээд шалиг болоод найдваргүй улстөрчид бол дарангуйлагчид л байсан юм шүү дээ. Нэн ялангуяа жижиг орны том амбицтай дарангуйлагч бол шалиг болоод зальхай байдаг нь замгүй билээ! 

Тэгэхээр түүх давтагдах гэж байгаа бол Марксын хэлсэнчлэн "...хоёр дахь удаадаа шог жүжгийн байдлаар гарч ирдэг...". Хэрэглэгээний соёл иргэншилд шилжсэн ХХI зууны "Чойбалсан"-гийн хойд дүрээр, Ардын намын генсек лугаа адил сэжиг хүрэм "жижиг жулик" тодорч, хоёр хөршийн хооронд тоглоно доо! 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Uuchlaarai ardchilal gdeg zuil delxiid bxgu PUTIN (66.181.161.63)
    Xulgaich avilgach Aluurchin BATUULEEchi bol Mongol Ulsad Ix gai bolson xulgaichda ELBEGDORJ gded xulgaichaaraa BAATAR gj tsol avch xun alsan xereg n ilervel enuugeer darax gj Elbegdorj ta 2 toxirson shdee 2 aluurchin min Mongolchuud Chamaig odo MAI SONSOXGUI salag ovgon min xurdan uxeerei
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 34 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 56 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 37 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 48 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 54 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 23 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top